Сургалтын бодлого зохицуулалтын албанаас санаачлан “Амиргоо” ХХК-тай нийгмийн хариуцлагын хүрээнд ХААИС-ийн оюутан залуус, профессор багш нарын ундны усны хэрэгцээг стандартад нийцүүлэн хангахын тулд орчин үеийн өндөр түвшний шүүлтүүр бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх ёслолын арга хэмжээ /2019.11.07/ Хатан туул театрт зохион байгуулагдлаа. Багш, оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах үүднээс цэвэр усны зөв зохистой хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор нийт 15.0 сая төгрөгний өртөг бүхий 2 ширхэг ухаалаг усны төхөөрөмжийг үнэ төлбөргүй суурилууллаа.
Ёслолын арга хэмжээнд ХААИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа, “Амиргоо” ХХК-ны захирал Г.Амаржаргал нар оролцлоо.
“Амиргоо” ХХК нь 2016 онд байгуулагдсан бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүн, массажны аппарат импортлон, “Бренд 21” төслийг анх санаачлан хэрэгжүүлж ирсэн байна. Энэхүү ундны цэвэр усны ухаалаг тоног төхөөрөмж нь дэлхий дахинд хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа бөгөөд АНУ-ын эрдэмтэн Пон Хакетийн олон жилийн судалгааны үндсэн дээр зохион бүтээгдсэн эрүүл мэнд, аюулгүй байдлыг бүрэн хангаж тоноглогдсон, эрдэс бүхий 5 давхар шүүлтүүртэй юм.
Уг бүтээгдэхүүн нь хүний нэг өдөрт авах усны норм, өдөрт хэдэн литр ус уух хэмжээг заасан ухаалаг дэлгэцтэй, нэгэн зэрэг 200 аяга буцалсан халуун ус гаргах хүчин чадалтай, цахилгаан, усны хэмнэлттэй, уснаас авч болох өдрийн эрдэсийг шүүлтүүрээр дамжуулан аяга усаар хангах боломжтойгоороо давуу талтай юм байна.
СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА