Мал эмнэлгийн хүрээлэнгийн Молекул генетикийн лабораториос гуравдахь жилдээ зохион байгуулж буй “Бүтээлч, судлаач оюутан-2019” оюутны эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр боллоо. Мал эмнэлгийн чиглэлээр суралцаж буй 2-4-р ангийн оюутнууд өөрсдийн судалж буй судалгааны ажлын үр дүнд тулгуурлан илтгэл бэлтгэн оролцдог билээ.
Уг эрдэм шинжилгээний хурал нь ирээдүйн малын эмч нарыг дэмжих, Мал эмнэлгийн сургууль болон Мал эмнэлгийн хүрээлэнгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцдог мал эмнэлгийн ангийн оюутнуудыг хөгжүүлэх зорилготой юм.
Энэ удаагийн “Бүтээлч, судлаач оюутан 2019” оюутны эрдэм шинжилгээний бага хуралд Халдварт, вирус, паразит өвчин судлал, Халдваргүй өвчин судлалын чиглэлээр 8 оюутан илтгэл хэлэлцүүлж, МЭС-ийн Мал эмнэлзүйн 4-р ангийн оюутан С.Нинжбулган “Clostridium perfringens C хэвшил бактерийн эсрэг хэт дархлаат ийлдсээс эмчилгээний иммуноглобулин ялгасан туршилт” сэдвээр гуравдугаар байр, МЭС-ийн Мал эмнэлзүйн 5-р ангийн оюутан М.Хосбаатар “Хоёр бөхт тэмээний угтвар ходоодны бүтцийн зарим онцлог” сэдвээр дэд байр, МЭС-ийн Мал эмнэлзүйн 5-р ангийн оюутан П.Содномбалжир “Хурдан морины хөлний шөрмөс, шандасны гэмтлийг үлэмж болон бичил бүтцийн шинжилгээгээр судалсан дүнгээс” сэдвээр тэргүүн байр эзэллээ.