Шинжлэх Ухаан технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг Монгол улсын шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Бямбаа “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлээрээ хүртэж 100.0 сая төгрөгөөр шагнуулсан. Түүнийг өнөөдөр /2019.12.24/ ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон бусад удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Б.Бямбаа академич уг бүтээлээрээ малд шимэгчлэн амьдардаг гадны 54, дотор 178 шимэгчийн үүсгэдэг паразиттах өвчнийг эмчлэх, сэргийлэх технологийг бий болгосон юм. Мөн үндэсний баялаг болсон мал сүргийг паразиттах өвчнөөс эрүүлжүүлэх төдийгүй хүн амыг паразит зооноз, бэтэг, финоз зэрэг өвчнөөс хамгаалах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон үр нөлөө үзүүлэх юм.
Мөн Академич Б.Бямбаагийн бүтээсэн Авермонмек, Альмонзол эм бэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэх болсноор гадаадын ижил төстэй бүтээгдэхүүн худалдаж авах үнэтэй харьцуулахад даруй 147.4 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн тооцооллыг эдийн засагчид гаргажээ.
Монгол Улсын малын эм бэлдмэл шалгах, баталгаажуулах улсын лаборатори болон дэлхийн референт (лавлагаа) лабораториос паразитыг устгах, сэргийлэх “Авермонмек”, цагаан хорхойг малын биеэс гадагшлуулах “Альмонзол” бэлдмэлийг шинжлэх ухаан, технологийн хөгжлийн орчин үеийн дээд түвшинд зохион бүтээсэн хэмээн дүгнэсэн байна.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН АЛБА