Хятад, Монголын технологи дамжуулалт, инновацийн хамтын ажиллагааны хоёрдугаар их хурал амжилттай зохион байгуулагдлаа

Нийтлэгч : .
Огноо: 2019-09-13 14:58:21

БНХАУ-ын дарга Си Жинпины санаачилгаар хэрэгжиж буй “Бүс ба зам” санаачилгыг дэмжих, хүрээнд Монгол-Хятад улсын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын 3 дахь удаагийн экспо” нэгдсэн арга хэмжээг ӨМӨЗО-ны Улаанцав хотноо 2019 оны 9-р сарын 6-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд соёл, шинжлэх ухаан, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх олон чухал үйл ажиллагаа зохиогдсоны нэг нь “Хятад, Монголын технологи дамжуулалт, инновацийн хамтын ажиллагааны хоёрдугаар их хурал” “Технологи дамжуулалт, инновацийн үзэсгэлэн” байлаа. Уг арга хэмжээг БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам, Монгол Улсын БСШУСЯ, Өвөр Монголын Ардын засгийн газар хамтран зохион байгуулжээ.


Тус арга хэмжээний үеэр БНХАУ-ын талаас орчин үеийн хөдөө аж ахуй, эрчим хүч хэмнэх технологи, байгаль орчныг хамгаалах, биотехнологи, уламжлалт Монгол анагаах ухаан, мэдээллийн технологийн чиглэлийн Монгол улсын холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудтай хамтран хэрэгжүүлэхээр санал болгож буй 50 гаруй төслийн танилцуулгыг товхимол мэдээлэл байдлаар, чухал ач холбогдолтой 8 төслийг аман илтгэл хэлбэрээр танилцуулсан. Мөн Монголын талаас Хятадын судлаачидтай хамтран хэрэгжүүлэх 5 төслийн саналыг аман илтгэлээр нэгдсэн хуралдаанд танилцуулга хийж санал солилцсон ба ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал Г.Гантулга “Монгол Улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдвээр төслийн танилцуулга хийсэн.

“Технологи дамжуулалт, инновацийн үзэсгэлэн”-д Монголын шинжлэх ухаан, технологийн салбарыг төлөөлж эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн 8 судлаач, мэргэжилтэнүүд мэдлэг, оюун шингэсэн 80 гаруй нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэнд оролцсон. ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль, Агроэкологийн сургууль, харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгааллын хүрээлэн, Гарааны “Биоундарга” компани зэрэг байгууллагын судлаачдын инновацийн бүтээгдэхүүнийг Эрдэм шинжилгээ, инновацийн албаны мэргэжилтэн Б.Хулан танилцуулсан. Үзэсгэлэнгийн үеэр ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн их сургууль, ӨМӨЗО-ны “Монгол адуу” ХХК болон бусад улсын болон хувийн хэвшлийн байгууллага, хувь хүмүүс бүтээгдэхүүнүүдтэй танилцан Мал аж ахуй, Мал эмнэлэг болон бордооны чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж байлаа.

Мөн Б.Хулан ӨМӨЗО-ны “Өдрийн сонин”-ы 2019.09.11-ний дугаарт ХААИС, харьяа хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын бүтээгдэхүүнийг сурталчилж, “Монгол-Хятадын 3 дахь удаагийн экспо” нэгдсэн арга хэмжээнд ХААИС-ийн оролцоо ямар байсан талаар ярилцлага өгөн, сургуулиа амжилттай сурталчилсан байна.

Үзэсгэлэнгийн үер БСШУСЯ-ны Дэд сайд Г.Ганбаяр хүрэлцэн ирж Шинжлэх ухаан, технологийн салбараас ХААИС-ийн инновацийн бүтээгдэхүүнийг онцолж, борлуулалт болоод Хятадын ард түмэн хэр сонирхож буй талаар ярилцаж, санал солилцсон.

Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн малын тэжээлүүд, уурагт тэжээл, зөгийн бал, Агроэкологийн сургуулийн “Монгол экологийн бордоо”, “Ээж будаа”, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн “Альпин болон Монгол ямааны хуурай сүү”, “Альпин ямааны нунтаг бяслаг”, “Тэжээлийн олон наст үрийн сортууд”, “Тэжээлийн буурцагт ургамлаар уурагт тэжээл”, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн бүх төрийн биобэлдмэл болон бордоогүзэсгэлэнгийн үеэр танилцуулсан байна.

 

Монгол-Хятадын холбогдох байгууллагын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх 18 гэрээ, санамж бичигт гарын үсэг зурсан. Үүнээс хөдөө аж ахуй, биотехнологийн чиглэлээр 8 гэрээний хүрээнд хамтран ажиллахаар Инженер, технологийн сургууль, Эдийн засаг, бизнесийн сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Гарааны рецептор компаниуд гэрээг үзэглэлээ.  

Мөн Чуулга уулзалтын үеэр Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал, дэд профессор Б.Баасансүх Өвөрмонголын Шинжлэх ухаан, сурган хүмүүжлийн танхимын дарга Сун Жин Чинтэй Өвөрмонголын Улаанцав хотноо уулзаж, шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтран ажиллах, Өвөрмонголын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарсан Технологийн инкубатор байгуулах, Технологи дамжуулах төв болон хамтарсан лабораториудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодит үр дүнд хүрэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэх талаар ярилцав.

Эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны хүрээнд ХААИС-Өвөрмонголын “Сүүн цацал” компанитай сүү, сүүн бүтээгдэхүүний инноваци, үйлдвэрлэл, технологийн талаар хоёр орны эрдэмтэн судлаачид хамтран ажиллах, хамтарсан гарааны компани байгуулах, ИТС, МААБС-ийн оюутнуудыг сургалт үйлдвэрлэлийн дадлагад хамруулах талаар харилцан ярилцаж, хамтын ажиллагааны санамж гэрээнд ХААИС-ийн талаас Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал Б.Баасансүх, “Сүүн цацал” компанийн талаас гүйцэтгэх захирал Бүрэнмандах нар гарын үсэг зурав.

Энэ өдрүүдэд дэд профессор Б.Баасансүх нарын төлөөлөгчид Улаанцав хотын ажил мэргэжлийн дээд сургуулийг төгсөгчдийг ХААИС-ийн бакалаврын 3+2 хөтөлбөрт хамруулах, хамтарсан сургалтын төвөөр уламжлан ХААИС-ийн магистр, докторын сургалтад багш, судлаачдыг хамруулах, АБС, МААБС, МЭС-ийн оюутнуудыг зуны сургалтын дадлагад Улаацавын ажил мэргэжлийн дээд сургуульд хамруулах, хоёр сургуулийн эрдэмтэн судлаачдыг тодорхой төсөл, хөтөлбөр, судалгааны чиглэлээр хамтран ажиллуулах талаар ярилцав.

                                                               ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН АЛБА