Т.Хэрүүга: Их сургуулиуд ОХУ-ын Алс Дорнын Холбооны их сургуультай хамтарна

Нийтлэгч : .
Огноо: 2019-09-18 10:33:56

ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн V чуулганд Монголын их, дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга тэргүүтэй төрийн өмчийн их сургуулийн захирлууд оролцоод иржээ. Энэ үеэр ямар асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэсэн тухай ХААИС-ийн захирал Т.Хэрүүгатай ярилцлаа.

 

– Дорнын эдийн засгийн V чуулганд  төрийн өмчийн их сургуулиудын захирлууд оролцоод ирсэн гэж сонссон. Ганзага хоосонгүй ирсэн байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, чуулганд оролцсон зорилго болоод чуулганы сонин хачнаас дуулгаач?

-Дорнын эдийн засгийн V чуулга уулзалт энэ сарын 4, 5-нд  ОХУ-ын Владивосток хотноо болж өндөрлөсөн. Энэ чуулга уулзалтын үеэр манай төрийн өмчийн их сургуулиудын захирлууд Алс Дорнын Холбооны их сургуулийн үйл ажиллагаа, кампусын бүтэц, зохион байгуулалттай танилцлаа. Мөн хамтарсан сургалт, судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцсон. Алс Дорнодын Холбооны их сургууль нь инженер технологи, био эмнэлзүй, хүмүүнлэг ба байгалийн ухаан, боловсрол, эдийн засаг, менежмент, хууль, олон улс судлалын чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ  илэрхийлсэн.

-Энэ жилийн чуулганд 50-аад орны 5000 гаруй хүн оролцсон гэж байсан. Боловсролын салбарын­хан хэр зэрэг ирсэн байна. Мөн энэ арга хэмжээнд манайхаас хэдэн сургуулийн захирал оролцсон бэ? 

-Энэ удаагийн чуулга уулзалтад нийт оролцогчдын 10 орчим хувь нь боловсрол, шинжлэх ухааны салбарынхан байсан. Монголоос МУИС, ШУТИС, МУБИС-ийн захирал, МУИС-ийн номын сангийн захирал оролцсон.

-Уулзалтын үеэр манай захирлууд 100 мянган оюутны хотхон байгуулах талаар туршлага судалж,  санал солилцсон гэж байсан. Энэ талаар дуулгах таатай мэдээлэл юу байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 100 мянган оюутны кампус байгуулах санаачилгын хүрээнд туршлага судлах, хамтран ажиллах талаар ярилцсан. Мөн одоо тун удахгүй аравдугаар  сарын 20, 21-нд болох Алс Дорнодын Холбооны их сургуулийн 120 жилийн ойн арга хэмжээний үеэр хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцсон.

-Дорнын эдийн засгийн чуулганд дэлхийн улс орнуудын удирдагчид, бизнесийн салбарын манлайлагчид түлхүү оролцдог. Өнгөрсөн жилээс соёл, урлаг, спорт болон боловсролын хөтөлбөрийг хэлэлцдэг болсон. Энэ жил боловсролын салбарын ямар төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцсэн бэ?

-Дорнын эдийн засгийн анхдугаар чуулга уулзалтын нээлтийн үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин гурван төсөл эхлүүлж байгаагаа мэдэгдсэн. Үүний нэг нь “Шинжлэх ухаан боловсролын Ази, Номхон далайн бүс” төвийг байгуулах төсөл юм. Энэ төслийн хүрээнд соёл урлаг, спорт, боловсрол шинжлэх ухааны хамтын ажиллагаа эрчимжиж байна. Ер нь бол очсон газрын сонин дуулгахад Владивосток хот нь 604 мянган хүн амтай, ОХУ-ын Алс Дорнодын улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны төв болон хурдацтай хөгжиж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин