ХААИС-ийн 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРӨӨР ЭЛСЭГЧДИЙГ ЦАХИМААР БҮРТГЭХ УДИРДАМЖ

Нийтлэгч : О.Мөнхжаргал
Огноо: 2020-08-18 05:55:18

Зорилго: Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын шийдвэрийн дагуу бакалаврын хөтөлбөрт элсэгчдийг цахимаар бүртгэх үйл ажиллагааг зохицуулахад оршино.

НЭГ. БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА \

1.1. Бакалаврын хөтөлбөрт элсэгчид нь 2020 оны 08 дугаар сарын 17-ноос 24- ний хооронд / https://student.muls.edu.mn/ хаягаар орж цахимаар бүртгүүлнэ.

1.2. Цахимаар бүртгүүлсэн элсэгчийг оюутнаар бүртгэж, оюутны код, нууц үг, email хаягийг бүртгэлтэй цахим хаяг руу буцааж илгээнэ.

1.3. Шинэ оюутан нь https://student.muls.edu.mn-д бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтрэн хичээл сонголтыг 08 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны хооронд хийнэ.

1.4. 2020-2021 оны хичээлийн жилийн 1-р улирлын хичээл 09 дүгээр сарын 01- ний өдрөөс эхлэн цахим хэлбэрээр явагдах ба 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дадлага, семинар, лабораторийн хичээлийг танхимаар зохион байгуулна.

1.5. Шинээр элсэгч нь “Оюутны гарын авлага”-тай танилцан суралцах хугацаандаа шаардагдах мэдээллийг бүрэн авч, үр бүтээлтэй суралцах хэрэгтэй.

1.6. “Оюутны гарын авлага”-ыг цахим хэлбэрээр явуулах ба 10 дугаар сарын 5- ны өдрөөс эхлэн танхимаар хичээллэх үедээ тухайн сургуулийн сургалтын албанаас авна.

ХОЁР. ОЮУТНЫ ДОТУУР БАЙРНЫ ЦАХИМ БҮРТГЭЛ

2.1. Дотуур байранд орох хүсэлтэй оюутнуудын өргөдлийг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны мэргэжилтний цахим хаягаар 8 дугаар сарын 17-ноос 24-ний өдрийг дуустал бүртгэнэ. (Өргөдөлд овог, нэр, оюутны код, мэргэжил, үндсэн захиргаа, хагас, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхой бичих)

2.2. Шаардлага хангасан оюутнуудад хариу мэдэгдлийг 08 дугаар сарын 31-ний дотор цахимаар илгээнэ.

2.3. Дотуур байранд орох оюутнууд 09 дүгээр сарын 05-ны дотор байрны төлбөрөө хийж баталгаажуулсан байна.

2.4. Дотуур байрууд нь 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн оюутнууд хүлээн авна.

ГУРАВ. ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИД ХАМРАГДАХ

3.1. Оюутны хөгжлийн зээл Оюутны хөгжлийн зээлд хамрагдах хүсэлтэй, ЭЕШ-ын 600 болон түүнээс оноотой оюутан дараах материалыг бүрдүүлж, 10 дугаар сарын 5-наас 15-ны хооронд харьяа бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд өөрийн биеэр авчирч өгнө.

Үүнд: - Оюутны хөгжлийн зээл хүсэгчийн өргөдлийн маягтыг татаж бөглөх http://www.elf.mn/student/

- Өөрийн суралцах мэргэжил, зорилгын талаар 250-аас дээш үгтэй эссэ бичих

- Иргэний үнэмлэхийн хуулбар - ЭЕШ-ын батламжийн хуулбар - 1 хувь цээж зураг

- Сургалтын төлбөрийн нэхэмжлэх

3.2. Буцалтгүй тусламжид хамрагдах Элсэн суралцагч нь дараах нөхцөлд буцалтгүй тусламж авах боломжтой.

Үүнд: - Бүтэн өнчин суралцагч;

- Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй суралцагч;

- Эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй;

- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрх;

- Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд бакалаврын зэргийн эзэмшихээр зэрэг суралцаж буй тохиолдолд 1 хүүхэд.

Дээрх шалтгаанаар хүсэлт гаргаж буй оюутнууд дараах материалыг бүрдүүлж, 8 дугаар сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 5-ны хооронд харьяа бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд цахим хаягаар ирүүлнэ.

Үүнд: - Өргөдөл

- Суралцах эрхий бичгийн хуулбар

- Төрсний гэрчилгээний хуулбар

- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар

- Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

- Эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг тодорхойлох /Засаг даргын тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоол/

- Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар

- Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагчийн хувьд хувь тогтоосон комиссын шийдвэр, акт

- 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолтууд, бусад суралцагчийн төлбөр төлсөн баримтууд, иргэний үнэмлэхийн хуулбарууд Жич: Хоёр дахь бакалаврын хөтөлбөрт хамрагдаж буй суралцагчдад хамааралгүй болно.

3.3 Бусад хөнгөлөлт Элсэлтийн журмын 4.5 дугаар заалтыг үндэслэн тухайн мэргэжлийн хөтөлбөрийн элсэн орох үндсэн хичээлийн ЭЕШ-ын оноо 600 түүнээс дээш, дагалдах хичээлийн ЭЕШ-ын оноо 400 түүнээс дээш тохиолдолд эхний жилийн сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлнө.


 

Бүртгэл хийх видео заавар