ХААИС нь одоо ашиглаж буй удирдлага мэдээллийн системээ гаднын компаниар хийлгэж ирсэн. Ингэснээр жил бүр төлбөр төлөхийн зэрэгцээ мэдээлэл модуль нэмэх, засвар өөрчлөлт гарах бүрд санхүүгийн зардал нэмэгддэг байв. Энэ байдлыг өөрчилж, сургууль өөрийн удирдлага мэдээллийн системийг шинэчлэн боловсруулахаар дотоод нөөц бололцоогоо бүрдүүлэн ажиллаж байна.
Удирдлага мэдээллийн системийг шинэчилснээр санхүүгээ хэмнэхийн зэрэгцээ хүссэн үедээ шинээр модуль нэмэх гэх мэт үйлчилгээг цаг алдалгүй өөрсдөө гүйцэтгэх, мэдээллийн аюулгүй байдлаа хангах зэрэг боломж бүрдэж буй юм. Тус мэдээллийн системийг шинэчлэх ажлын хэсэгт ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн сургалтын хөтөлбөрийн мэргэжилтнүүд болон технологийн мэргэжилтнүүд өнгөрсөн зуны турш тасралтгүй ажиллаж байгаа юм.
Өнөөгийн өрсөлдөөнтэй, хурдтай нийгэмд улсын болон бизнесийн байгууллагуудын оршин тогтнох гол хүчин зүйлүүдийн нэг нь компьютерт суурилсан мэдээллийн систем болсон байна. Мэдлэг, мэдээллийн энэ эрин зуунд бүх байгууллагад хүний нөөц, мэдээлэл, цаг хугацаа нь чухал үнэт зүйл юм.
МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ нь байгууллагын энэ гурван үнэт зүйлийг дэмждэг буюу ХЭРЭГТЭЙ ЦАГТ нь ХЭРЭГЦЭЭТ МЭДЭЭЛЛЭЭР хангах үүрэг гүйцэтгэдэг компьютерт суурилсан систем юм. Бидний өдөр тутмын, байнгын хэрэглээ болсон Интернет, Мэссэнжер, ATM, гар утас бүгд мэдээллийн системийн жишээ билээ.
Удирдлага мэдээллийн систем нь байгууллагын үйл ажиллагааны зардлыг бууруулах, удирдлагын зөв шийдвэр гаргах, өрсөлдөөнт зах зээл дээр давуу байдлыг олж авахад нь байгууллагуудад тусалдаг стратегийн маш чухал хэрэгсэл болж байна.
Тиймээс сургуулийнхаа хөгжилд өөрсдийн хувь нэмэр, үнэтэй цаг хугацаагаа зориулан ажиллаж буй мэргэжилтнүүддээ талархаж буйгаа илэрхийлье.
ХААИС-ИЙН ЗАХИРГАА