КОЙКА ОУ-ын БАЙГУУЛЛАГААС ХАМТАРСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-08-24 11:05:47


        БНСУ-ын КОЙКА Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд өнөөдөр /2020-08-24/ ХААИС-д зочлон сургуулийн удирдлагатай уулзлаа. Уулзалтаар КОЙКА Олон улсын байгууллагаас энэ жил Узбекстан болон Монгол улстай технологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг дуулгаад энэ чиглэлээр сургалт явуулдаг  төрийн өмчийн томоохон сургууль болох МУИС, АШУҮИСШУТИС, ХААИС-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Уулзалтын үеэр ирээдүйд илүү үр өгөөжтэй, хөгжих боломжтой ямар салбарт хөрөнгө оруулбал үр дүнтэй талаар хоёр тал санал солилцлоо.  КОЙКА олон улсын байгууллагын төлөөлөгч 1955-1961 онд тус улсад амжилттай хэрэгжсэн томоохон төслийн нэг “Миннесота”-г жишээ болгон тайлбарласан юм. 

Тухайлбал, Дэлхийн II дайны дараа БНСУ-ыг сэргээн , хөгжүүлэх зорилготой АНУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Олон улсын хамтын ажиллагааны байгууллага( ICA ), Олон улсын хөгжлийн агентлаг(USAID)-ын санхүүжилтээр 1955-1961 онд Миннесота төсөл амжилттай хэрэгжсэн байна. Энэхүү төслийг АНУ-ын Миннесота их сургууль БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуультай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд Миннесотагийн их сургуулиас эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн 59 мэргэжилтэн Сөүлийн үндэсний их сургуульд тусламж үйлчилгээ үзүүлэх, сургалтын стандартыг боловсруулахад туслан ажиллаж байжээ. Мөн БНСУ-ын эрүүл мэндийн салбарын 226 залуу мэргэжилтэн Миннесотагийн их сургуульд суралцсан бөгөөд тэд эх орондоо буцаж ирэн анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулснаар тус улсын эрүүл мэндийн салбар өнөөгийн хөгжилд хүрсэн гэв.

Сургалтад хамрагдсан хүмүүсийн нэг, доктор Чой Янг Кил тус төслийн үр дүнгийн талаар "The KoreaTimes" сонинд өгсөн ярилцлагадаа "Миннесота төсөл нь Солонгосын эрүүл мэндийн салбар болон миний амьдралыг мөнхөд өөрчилсөн” хэмээжээ. Миннесота төсөл нь тухайн үед АНУ-аас санхүүжүүлж, 33 улсад хэрэгжүүлсэн тусламжийн хөтөлбөрүүдээс хамгийн үр дүнтэй нь байсныг онцолсон байна.

Үүний нэгэн адил КОЙКА олон улсын байгууллагаас санаачлан хэрэгжүүлэх энэ хөтөлбөр нь тухайн улс орны хөгжилд түлхэц болох хэмжээний амжилттай хэрэгжих төсөл байна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.

ХААИС-ийн удирдлагын зүгээс КОЙКА Олон улсын байгууллагын санхүүжилтээр хэд хэдэн томоохон төсөл амжилттай хамтран хэрэгжүүлснийг дурдаад удаан хугацааны хамтын ажиллагаанд талархаж явдгаа илэрхийллээ. Мөн Хөдөө аж ахуйн салбараас мал аж  ахуйн түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, газар тариалангийн салбарт ухаалаг технологийг хөгжүүлэхэд түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Төслийн шалгаруулалт олон хэсгээс бүрдэх бөгөөд цаг хугацаа шаардлагатайг төлөөлөгчид онцолсон юм.