Хөдөө Аж Ахуйн Их Сургууль болон Бүгд Найрамдах Чех Улсын Брно хотын Менделийн их сургууль хоорондын хамтын ажиллагаа 2017 онд үзэглэсэн хамтын гэрээний хүрээнд амжилттай үргэлжилж байна.
Үүнд: 2020 онд дэлхий нийтээрээ цар тахалтай байгаа онцгой нөхцөл байдалд “ERASMUS+” оюутан солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжлээ. Агроэкологийн сургуулийн бакалаврын хөтөлбөрөөс Байгаль орчны нөхөн сэргээлт мэргэжлийн ангийн оюутан Б.Хосзул, Экологи-байгаль хамгаалал мэргэжлийн ангийн оюутан Э.Оюунсанаа, магистрын хөтөлбөрөөс Экологи мэргэжлийн ангийн оюутан А.Баяртулга, Дархан хот дахь салбар сургуулийн Ойн инженерийн ангийн оюутан О. Хонгорзул нар Менделийн Их Сургуульд хагас жилийн хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрөөр энэ оны 2 сараас эхлэн амжилттай суралцаад 8 сард эх орондоо ирээд байна.
Мөн 2019 онд тус хөтөлбөрөөр Агроэкологийн сургуулийн ойн аж ахуйн инженерийн мэргэжлийн ангийн 4, Байгаль орчны нөхөн сэргээлт мэргэжлийн 1, Агроном мэргэжлийн ангийн 1 нийт 6 оюутан хагас жилийн хугацаатай суралцаж тус бүрийн мэргэжлийн чиглэлүүдээр 16-24 кр хичээл судалж, амжилттай суралцсан.
Монгол улс дахь Чех улсын ЭСЯ болон сайд Иржи Бродски, дэд сайд Зайчек Олдрич нарын шургуу дэмжлэгээр Чехийн Брно хот дахь Менделийн их сургуулийн “Ойн аж ахуй ба Модны технологийн” факультет болон Геологи хөрс судлалын тэнхимийн эрдэмтэд David Juřička (Ph.D), Antonn Kusbach (Ph.D), Jan Sebesta (Ph.D), Vaclav Pecina нартай хамтран энэ үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн бөгөөд 2018-2019 онд ХААИС-д хоёр удаа айлчлан нээлттэй семинар зохион байгуулж улмаар оюутан судлаачдад зориулсан 14 хоногийн хээрийн судалгаа, статистикийн сургалтыг тус бүр зохион байгуулаад байна.
Түүнчлэн ХААИС–ийн багш, судлаачдын баг мөн 2019 оны 11 сард Менделийн их сургуульд айлчилж судалгаа-сургалтын туршлага судлах ажиллагааг тус ERASMUS+ багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан болно.
ERASMUS+ хөтөлбөр нь Европын нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцах өргөн боломж олгодог төдийгүй уг хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд бүх зардлыг хөтөлбөрөөс санхүүжүүлдэг онцлогтой юм. Бакалавр болон магистрын түвшний оюутнууд бүрэн хамрагдах боломжтой ба Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын дээд боловсролын салбарт олон жил амжилттай хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрт одоогоор дэлхийн 9 сая гаруй оюутан хамрагдаад байна. Амжилттай хэрэгжүүлсэн энэ төслийг үргэлжлүүлэн оюутныг 1 жилийн хугацаагаар сургах, их сургуулийн ойн хичээлийн сургалт, дадлагын ажил хийх нөхцөл, боломжийг сайжруулах чиглэлийн олон талт хамтын ажиллагааны шинэ гэрээнд ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүга өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зураад байна.
Энэхүү хамтын ажиллагааг санаачилж, амжилттай хэрэгжүүлэхэд удирдан чиглүүлсэн ХААИС – ийн гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга болон багийнханд нь талархаж буйгаа илэрхийлье.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
www.iro.mendelu.cz/incoming-students/27646-exchange-students
ESN MENDELU Brno (Фэйсбүүк хуудас)
Mendel University in Brno (Фэйсбүүк хуудас)
ХААИС-ийн Экологийн тэнхим