СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛОВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-09-04 07:45:12

   ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Таримал судлал, ой, ландшафтын архитектурын тэнхимээс “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийг өнөөдөр /2020-09-04/ зохион байгууллаа. Тус сургуулийн Зайсан дахь сургалт, судалгааны АГРОПАРК төвд  болсон өдөрлөгт БШУЯ, ХХААХҮЯ, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн судлаач, оюутнууд оролцсон юм.

Өдөрлөгийг эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг олон нийт, шийдвэр гаргагчдад сурталчлан таниулах, үйлдвэрлэлд нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлэх, залуу судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн зохистой дадлыг бүхий л шатанд хэвшүүлэхэд хүн бүрийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор  зохион байгуулсан юм.

Тус тэнхимийн багш, судлаачдын 80 гаруй хувь нь үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бодлого боловсруулах болон сургалт, судалгааны ажилд оролцож байна. Мөн Олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөртэй хамтран Монголд тариалах боломжтой хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлэх, хүн ардаа эх орны хөрсөнд ургасан эрүүл хүнсээр хангахад томоохон хувь нэмэр оруулж буй юм. Тухайлбал, “Копиа Монгол” төслийн хүрээнд жижиг улаан лоолийн сортыг Монголын хөрсөнд амжилттай нутагшуулж байгаа бол хүнсний болон эрүүл мэндийн үнэт түүхий эд болох цэсийн сортыг говь, хангайн бүсэд туршин, нутагшуулж тариалж эхлээд байна.

Мөн жимс жимсгэнийнхээ 90 гаруй хувийг импортоор хангадаг манай орны хувьд гүзээлзгэнэ болон хэд хэдэн төрлийн хулууны сорт сорилтыг амжилттай туршиж Монголын нөхцөлд тариалж буй юм. Үүний зэрэгцээ хүйтэнд тэсвэртэй алим, нимбэг тариалах судалгааг ч амжилттай хэрэгжүүлж эхэлжээ.