ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн эрдэмтэн, судлаачдын сүүлийн үеийн судалгааны болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үр дүнг танилцуулах нээлттэй өдөрлөг 9 дүгээр сарын 12-нд боллоо. Тус танилцуулах өдөрлөг Төв аймгийн Борнуур суманд байрлах ХААИС-ийн сургалт судалгаа, үйлдвэрлэлийн НАРТ төвд болсон юм.
Зарим орнуудтай харьцуулахад манай улсын газар тариалангийн түүх хэдэн зуунаар бус нэгэн жарнаар тоологдох хэмжээний цэл залуухан салбар юм. 1959 оны 3 дугаар сард гарсан тухайн үеийн төр засгийн шийдвэрээр атрын анхны шанг татсан оюутан залуус, багш нар, үе үеийн агрономич, тариаланч, эрдэмтэн, судлаачдын хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдөр манай улс дотоодын улаан буудай, төмсний хэрэгцээгээ бараг 100 хувь хангаж буй билээ. Тэгвэл энэхүү өдөрлөгт энэ ололт амжилтыг хамтдаа бүтээлцсэн үе үеийн эрдэмтэн судлаачид, ахмад багш нар, тэдний судалгааны үр дүнг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, хамтран ажиллаж буй аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл, ХХААХҮЯ-ны дарга, мэргэжилтнүүд гээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, өнгөрсөн түүх, өнөөгийн амжилт, ирээдүйн зорилгынхоо талаар хамтдаа хэлэлцсэн юм.
Тус өдөрлөгийг нээж ХААИС-ийн захирал Т.Хэрүүга хэлсэн үгэндээ, ХААИС-ийн хөгжлийг урагшлуулах хөрөнгө, мөнгө шаардсан хамгийн томоохон ажлыг нуруундаа үүрч яваа судлаач, багш нараараа бахархаж явдгаа илэрхийлье. Бидний төслийн үр дүн үйлдвэрлэл, бизнест нэвтэрч, аж ахуй нэгжүүд хамтран ажиллаж эхэллээ. Монгол улсын хэмжээнд хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цорын ганц их сургууль учир төрийн төв байгууллагуудтай хамтран салбарынхаа бодлого, зорилтыг тодорхойлох, хэрэгжүүлэхэд манай эрдэмтэд голлох үүрэгтэй оролцдог. Энэ бол манай багш, судлаачдын хамгийн хариуцлагатай ажлыг нэг байдаг гэсэн юм. Мөн ХААИС өнгөрсөн хугацаанд сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болох зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд 2015-2020 оны хооронд судалгааны 205 төсөл хэрэгжиж, төслийн нийт санхүүжилт 40 тэрбумд хүрснийг дуулгасан юм.
Үүний дараа Агроэкологийн сургуулийн Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.Одгэрэл тэнхимийнхээ үйл ажиллагааг танилцууллаа. ХААИС үүсэн байгуулагдсан үеэс тус тэнхимийн түүх эхтэй. Учир нь ХААИС-ийн ууган тэнхимийн нэг юм. Өнгөрсөн хугацаанд Газар тариалан, хөрс судлалын тэнхимийг 3266 мэргэжилтэн төгсөн гарч, хүн ардаа хүнсээр хангах их аянд тус тусын хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Тэнхимийн эрдэмтэн багш, судлаачид гадаад дотоодын болон аж ахуй нэгжийн захиалгат гэх мэт нийт 24 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Үүний зэрэгцээ газар тариалангийн салбарын сургалт, судалгаа, бодлого төлөвлөлт, хэрэгжүүлэх гээд бүхий л шатанд хамтран оролцдог. Одоо хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрөөс дурдвал Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр “Хүнс тэжээлийн шинэ сорт, таримлын сорт шалгаруулах, цөм үр бий болгох”, Олон улстай хамтран “Гадаад орчны тохиромжгүй нөхцөлийг тэсвэрлэх чадвартай өндөр ургацтай арвайн шинэ сортын үрийг сонгон шалгаруулах, үржүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх”, Герман улстай хамтарсан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой газар тариалан” зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна.
Мөн аж ахуй нэгжийн захиалгаар сангасааар бордоо үйлдвэрлэх, биологийн гаралтай органик бордооны судалгааг хийж, хөрсний мониторингийн сүлжээ байгуулах, хөрсний үржил шим, чийгийг нэмэгдүүлэх, экологжсон арга туршлага нэвтрүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа тухай тус тэнхимийн эрхлэгч доктор, профессор Б.Одгэрэл өдөрлөгийн үеэр танилцуулсан юм.
Сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн Нарт төв нь оюутан суралцагчдын танхимд сурсан мэдлэгээ баталгаажуулах, сургалт үйлдвэрлэлийн дадлага хийх, судалгаа, шинжилгээний ажил хийх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг тус сургуулийн туршилт, үйлдвэрлэлийн төв. Зах зээлийн эдийн засагт шилжих тэр ээдрээт цаг үед оюутан залуус туршилт судалгаа хийх газаргүй байх үед тухайн үеийн багш нарын идэвх зүтгэл, санаачилгаар өөрийн гэсэн газартай болж, ганц гэртэйгээр үйл ажиллагаа эхэлсэн тус төв өнөөдөр оюутан судлаачид судалгаагаа туршдаг, олон улсын болон, аж ахуй нэгжийн захиалгат судалгааны ажлыг гүйцэтгэх хэмжээний болж өргөжин тэлсээр байна. Өнгөрсөн хугацаанд тус төвд туршилт, судалгаагаа хэрэгжүүлсэн 10 шахам магистр, доктор төрөн гарсан тухай тэнхимийн эрхлэгч дурсан ярьсан юм. Энэ үеэр ХААИС-ийн туршилт, үйлдвэрлэлийн Нарт, Өнжин төвийг үүсэн байгуулагдахад томоохон хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавьяат агрономч, доктор(Sc.), профессор Б.Дорж, Гавьяат багш, профессор А.Чойжамц нарт ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардуулсан юм.
Ийнхүү тухайн цагт атрын анхны шанг татсан цэл залуухан багшаас үе үеийн шавь нараа бэлтгэсэн буурал эрдэмтэн болтлоо хавар, намрын энэ л өдрүүдэд үр соёолуулахаас буудай имрэх хүртэлх тэртээх өдрүүдээ эргэн дурссан. Хурдтай хөгжиж буй энэ нийгэмд шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс жаахан ч атугай хоцрохгүй байхаар мэрийж буй эрдэмтэн судлаачид... Үйлдвэрлэлийнхээ үр ашгийг нэмэгдүүлэхээр эрдэмтдийн оюуны бүтээлийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж буй баялаг бүтээгчид, бодлого тодорхойлогчид хамтдаа нэгэн өдрийг үдлээ.