НҮБ нь Монгол Улсын Засгийн газартай ойн доройтлыг бууруулах, ойн тогтвортой менежментийг хөгжүүлэхэд хамтран ажилласаар ирсэн билээ. Үүний хүрээнд “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төслийг 2015-2020 онуудад амжилттай хэрэгжүүлжээ. Уг төслийн хүрээнд Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн ойн санг гэрээгээр эзэмшдэг 101 нөхөрлөл, Сум дундын 11 ойн ангитай хамтран ажиллаж, хамтын оролцоонд тулгуурласан ойн менежментийг хэрэгжүүлж, чадавхжуулан ажилласан байна.
Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн “Ойн нөхөрлөлүүдийн амьжиргааг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл” дэд төслийн зөвлөхөөр ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Таримал судлал, ой, ландшафтын архитектурын тэнхимийн ахлах багш, доктор Д.Дэлгэржаргал, багш, докторант Э.Батзаяа нар амжилттай ажиллалаа.
Монгол орны ой нь 13 сая га талбай эзлэн тархах бөгөөд биологийн олон янз байдлыг агуулж, олон төрлийн хөхтөн амьтан, жигүүртэн шувуу, хэвлээр явагч, хоёр нутагтан зэрэг амьтдын амьдрах орчин, нүүдэлч малчид, орон нутгийн иргэдийн орлого амьжиргааны эх үүсвэр, түлээ мод, өвс тэжээлийн нөөц болдог онцлогтой.
Төслийн хаалтын хурлын үеэр /ТСОЛАТ, Д.Дэлгэржаргал, Э.Батзаяа/
Улиасны ур ашиглан хийсэн чихрийн таваг /Хэнтий аймаг, Дадал сум, Баянцагаан нөхөрлөлийн гишүүн Э.Золжаргал/
Шинэс модон сийлбэр /Хөвсгөл аймаг, Арбулаг сум, Баянбуурал нөхөрлөлийн гишүүн Ч.Буянт/
Мөн дээрх төслийн үр дүн, багш нарын идэвх зүтгэлтэй хамтын ажиллагааг үнэлэн Таримал судлал, ой, ландшафтын архитектурын тэнхимийн нээлттэй өдөрлөгийн үеэр ой хамгааллын тоног төхөөрөмж бэлэглэсэн юм.
Тэнхимийн нээлттэй өдөрлөгийн үеэр ойн хамгааллын тоног төхөөрөмж гардуулан өглөө