ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн 29 багш, 2-4 дүгээр ангийн 411 оюутан ургац хураалтын ажилд оролцож байна. Бусад бүрэлдэхүүний сургуулийн оюутнууд ч орон нутгийн аж ахуй нэгжүүдэд ажиллаж байгаа бөгөөд одоогоор нэгдсэн тоо хараахан гараагүй байгаа юм.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед хүнсний хангамжийг тогтвортой хангах, ажлын байрыг хадгалах, үндсэн нэр төрлийн хүнсний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ХХААХҮЯ-аас тодорхой ажлуудыг хийж буй. Тус яамны зүгээс намрын ургац хураалтад хүн хүчний хэрэгцээ их байгаа тул холбогдох чиглэлээр сургалт явуулдаг ХААИС-ийн оюутнуудыг оролцуулах хүсэлтийг БШУЯ-нд хүргүүлсэн юм. Ингэснээр БШУЯ болон ХААИС-ийн удирдлага тухайн саналыг дэмжин, ургац хураалтад оролцож буй оюутнуудын лекцийн хичээлийг нөхөх, тэдгээрийн ажлын хөлс, ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт тавин УОК-ын шийдвэр, Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийг ханган ажиллахыг хүсээд хамтран ажиллахаар шийдвэрлэсэн юм.
Ийнхүү ХААИС-ийн мэргэжлийн багш нар оюутнуудаа удирдан нийгмийн тустай хөдөлмөрт гар бие оролцож байна.