Олон улсын оюутны спортын өдөр, Азийн Оюутны Спортын Холбоо үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан өнгөрсөн ням гаригт 19.920 метрийн буухиа кросс гүйлтийн тэмцээнийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Тэмцээнд 10 их, дээд сургуулийн 40 орчим оюутан оролцож хурд хүчээ сорьсноос МЭС-ийн 1-р курсийн оюутан Б.Ариунболд, ЭЗБС-ийн 1-р курсийн оюутан Отгонзаяа нар шинэ элсэгчдээ төлөөлөн оролцлоо.
Мөн тэмцээнийг нээж ХААИС-ийн захирал, МОСХ-ны дэд тэргүүн, МИДСК-ын Ерөнхийлөгч Т.Хэрүүга үг хэлсэн юм. Тэрээр, Эрхэм хүндэт оюутан залуучууд, дасгалжуулагчид, зочид та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг хүргэе.
ЮНЕСКО-гийн 2015 оны 11 дүгээр сарын Ерөнхий Ассамблейн чуулганы тогтоолоор жил бүрийн 09 дүгээр сарын 20-ны өдрийг “Олон улсын оюутны спортын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Өнөөдөр 2020 оны Олон улсын оюутны спортын өдрийг "Бид хамтдаа" уриан дор “Оюутны буухиа гүйлт”-ийн тэмцээнийг зохион байгуулахаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ цуглараад байна.
Монголын оюутны спортын холбоо нь 2016 оны энэ өдөр Улаанбаатар хотноо Ази тивийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн VI тэмцээн, 2017 онд сайн дурын оюутны форум, 2018 онд их, дээд сургуулийн багш нарын хэлэлцүүлэг, 2019 онд оюутны Универсиадын хичээл, спортын шинэ төрлийн үзүүлэх тоглолтын арга хэмжээнүүдийг их, дээд сургуулиудтай хамтран зохион байгуулсан.
“Олон улсын оюутны спортын 2020 оны өдөр”-ийг тэмдэглэх энэ үеэр дэлхий дахинаа цар тахал гарч, олон оронд хөл хорио тогтоон, спорт олон нийтийн арга хэмжээг явуулахгүй байгаа ч улс орнууд өөрсдийн онцлог нөхцөлдөө тохируулан тухайн сургууль, байгууллага дээрээ төрөл бүрийн ажил, арга хэмжээ, уулзалт, семинар, сургалт, онлайн тэмцээнийг боломжит хэлбэрээр зохион байгуулж байна.
Монголын оюутны спортын холбооноос Олон улсын оюутны спортын өдрийг тав дах жилдээ ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хороо, ОУОСХ, Азийн ОСХ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран “Оюутны буухиа гүйлт”-ийн тэмцээнийг 19,920 метрийн зайд зохион байгуулах, энэ тэмцээнд 10 их, дээд сургуулийн 40 гаруй оюутан тамирчдыг хамруулан оролцуулахаар бэлтгэл ажлыг хангалаа.
1992 онд Азийн ОСХ анх байгуулагдсантай уялдуулан буухиа гүйлтийн зайн хэмжээг 19 920 метр байхаар тогтож, Ази тивийн орнууд нэгдэн дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын хүнд үеийг хамтдаа, гар гараасаа барин даван туулах, бие биендээ сэтгэлийн хүч өгөн буухиалах зорилготой гүйлтийн тэмцээн зохион байгуулж байна.
Ийнхүү тэмцээнд оролцож байгаа их, дээд сургуулийн багш дасгалжуулагчид, оюутан тамирчид, бидний арга хэмжээг хүндэтгэн ирсэн зочид та бүхэнд эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье гэсэн юм.
Тус тэмцээний гарааны ахлах шүүгчээр ХААИС-ийн Бие, бялдар хүмүүжлийн тэнхимийн багш Б.Батзориг ажиллалаа. Мөн Монгол улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн тэмцээнд ХААИС.ийн 2,3-р курсийн оюутан Жигмэднамжил, Булган нар амжилттай оролцож, Жигмэднамжил 100 метр зайд 10.68 секунд, 200 метр зайд 22.03 секундийн амжилт тус тус үзүүлж тэргүүн байр эзэллээ.
ХААИС.ийн нийт оюутан тамирчиддаа олон улсын оюутны спортын өдрийн мэндийг хүргэе.