Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг CDIO Азийн бүсийн уулзалт 2020 оны 9-р сарын 23-аас 9-р сарын 25-ны хооронд ШУТИС-д болж байна. Өнгөрсөн жил БНХАУ-ын Далианы Neusoft их сургууль дээр зохион байгуулагдсан тус хурлыг энэ жил "ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ДЭЭД БОЛОВСРОЛ" уриан доор ШУТИС удирдан МУИС, ХААИС, МУБИС, ҮБХИС, СУИС хамтран зохион байгуулж байгаа юм.
Тус хуралд инженерийн чиглэлээр боловсрол олгодог CDIO-ийн Азийн бүсийн гишүүн сургууль болох Сингапур, БНХАУ, Япон, Австрали, Энэтхэг, Монгол зэрэг 10 гаруй орны их сургуулийн багш нар 20 гаруй илтгэл хэлэлцүүлж, CDIO-г хэрэглэж буй үр дүн, туршлагаа солилцож байна. Монгол улсаас БСШУСЯ болон МУИС, ХААИС, ШУТИС, СУИС, МУБИС, Техник технологийн дээд сургуулийн удирдлага, багш нарын төлөөлөл оролцож буй юм.
ХААИС-ийг төлөөлж Сургалт эрхэлсэн дэд захирал Р.Чанцалдулам, Мэргэжилтэн А.Алтанзул, М.Мөнгөнзул нар “QUALITY ASSURANCE IN ENGINEERING PROGRAM: ALUMNI'S SATISFACTION SURVEY” сэдвээр эхний өдөр илтгэл хэлэлцүүлэв.
Энэ удаагийн хурал дэлхий нийтээр тархсан COVID19-ын нөхцөл байдалтай холбоотойгоор цахим хэлбэрээр болж буйгаараа онцлог бөгөөд зохион байгуулагчид техник, технологийн дэвшилтэт шийдлийг ашиглан амжилттай зохион байгуулж байна. Тиймээс энэ чиглэлийн багш, судлаачид http://cdio2020.edu.mn/ хаягаар орж хөтөлбөртэй танилцан нээлттэй оролцох боломжтой юм.
CDIO нь Инженерийн боловсролын ирээдүйн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ хэв загварыг боловсруулж, хөгжүүлэх зорилгоор АНУ, Европ, Канад, Их Британи, Африк, Ази, Шинэ Зеландын тэргүүлэх инженерийн сургуулиудын санаачилсан хамтын ажиллагааны байгууллага юм. 2001 онд үүсэн байгуулагдсанаас хойш 110 гаруй их сургуулийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд жил бүр гишүүн сургуулиуд бүс нутгийн хэмжээнд уулзаж, шинэ туршлагаа хуваалцдаг байна.