ДЭЛХИЙД ДАНСТАЙ ЭРДЭМТЭН, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, ДОКТОР, ПРОФЕССОР ХАТАГИНТАЙЖНАР НОРОВЫН МАНИБАЗАР
(1925-2020)
ХААИС-ийн ууган багш нарын нэг, ургамал судлал, геоботаникийн шинжлэх ухааны Монголын ноён оргилын нэг, ахмад эрдэмтэн, профессор Хатагинтайжнар Норовын Манибазар 2020 оны 10-р сарын 4-ний өдөр таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Профессор Н.Манибазар нь 1925 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Баян-Улаан уул гэдэг газар Дандийн Чойдорын (Норовын) хүү болон төрсөн. Тэрбээр 1935-1939 онд Дорнод аймгийн Урт сумын бага сургууль, 1939-1941 онд Зөвлөлт Холбоот Улсын Улаан-Үд хот дахь Монгол рабфак, 1941-1944 онд Монгол улсын Багш нарыг бэлтгэх сургуулийн тусгай курс, 1954-1955 онд МУИС, 1955-1960 онд одоогийн ОХУ-ын Санкт-Петербургийн Улсын Их сургуульд тус тус амжилттай суралцаж, дунд сургуулийн байгаль, дэлхий, химийн багш, ургамалзүйч мэргэжил эзэмшжээ.
Н.Манибазар нь “Хэнтийн нурууны баруун өмнөд хэсгийн гол мөрний татмын өргөст Сарнай” сэдвээр 1972 онд ОХУ-ын Уфагийн Улсын их сургуульд биологийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Тэрбээр ажил хөдөлмөрийн гараагаа 1944 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын дунд сургуульд байгаль дэлхийн багшаар ажлын гараагаа эхэлж, 1960-1965 онд МУИС, ХААДС-д багш, 1965-1992, 1999-2003 онд ШУА-ийн Биологи, Ботаникийн хүрээлэнд судлаач, дэд захирал, 1992-1997 онд “Байгаль шинжлэл” дээд сургуульд багш, орлогч захирал, 1993-2000 онд “Хустайн байгалийн цогцолбор газар”-т зөвлөх, ахлах биологич, 1998 оноос ЖЭМР компанид шинжээч, 2004 оноос ХААИС-ийн Экосистемийн судалгааны төвийн зөвлөхөөр үр бүтээлтэй ажиллаж байсан.
Профессор Н.Манибазар ХААДС-д багшаар ажиллаж байх үеэс эрдмийн бүтээлээ туурвиж эхэлсэн ба тус их сургуулийн анхны сурах бичгүүдийн нэгийг бүтээж, хүүхэд залуучуудын болон Монгол улсын нэвтэрхий толь, Британника-ширээний толь бүтээхэд оролцсон, их сургуулийн хэд хэдэн сурах бичгийг хянан тохиолдуулсан, хөдөө аж ахуйн мэргэжилтэй боловсон хүчин, залуу үеийн судлаачид бэлтгэхэд оюун ухаан, эрдэм мэдлэгээ дайчлан, ухамсарт амьдралаа зориулж ирсэн, залуу багш, судлаачдад үлгэр дууриалал болсон сурган хүмүүжүүлэгч байв.
Тэрбээр насан туршдаа “науктай” найзлан, идэр залуустай эн зэрэгцэн экосистемийн судалгаа хийж ирсэн, Монголын ууган ургамалжилзүйчдийн нэг бөгөөд ургамал судлал, ургамалжилзүйн судалгааны аргачлал боловсруулах, гуурст ургамлын аймаг, ургамалжил/бэлчээрийн зураглаа, байгаль орчны хамгаалал, үнэлгээ, ургамал, бэлчээр, хадлан судлалын нэртомъёог боловсруулах ажилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан, ургамалжилзүйн ангилаанд сигматизмын зарчмыг анх удаа нэвтрүүлсэн, салбарынхаа шилдэг эрдэмтэн байлаа.
Тэрбээр дэлхийд урьд өмнө нь танигдаагүй байсан нэг зүйл ургамлыг нээж, олон зүйл ургамлын тархацын шинэ нутгийг илрүүлэн шинжлэх ухаанд бүртгүүлсэн, дэлхийд шинээр ургамалжлын 6 анги, 9 дэвлэл, 9 эвлэл, 96 эвшил, 135 дэд эвшил, 200 хувилбарыг илрүүлж бүртгүүлсэн, Монголдоо төдийгүй дэлхийд данстай эрдэмтдийн нэг билээ.
Н.Манибазар багшийн туурвисан 29 ном, гарын авлага, эрдэм шинжилгээний 96 өгүүлэл, сурталчилгааны 41 өгүүлэл нь зуун дамжин оюутан сурагчид, залуу судлаачид, эрдэмтдэд хүртээл болсоор ирсэн.
Ботаникийн салбарын шинжлэх ухааны эрдмийн оргилын нэг, профессор Н.Манибазарын хөдөлмөр, бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, Ой агнуурын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнажээ.
“Эгэл дарууд мэргэн ухаан үүрлэмүй...” хэмээсэн эрт цагийн хөлгөн их бичвэр дэх энэхэн шадын эргэлзээ нь үгүй үнэнийг эр бие, эрдэм оюун, итгэл зүтгэлээрээ илтгэн харуулсаар ирсэн их эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, үндэсний хэл, соёлоо эрхэмлэн дээдлэгч, гэр бүлийнхээ халамжит хань, үр хүүхэд ач, зээ нарынхаа хайртай аав, өвөө, үе үеийн шавь нарынхаа ачлалт багш болсон эрхэмсэг хүмүүний гэгээн дүр, ажил үйлс нь бидний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэнэ.
ХААИС-ИЙН ЗАХИРГАА
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН АЛБА
ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГААНЫ ТӨВ