БНСУ-ын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны харьяа Сэжун Институт Сангийн СЭЖҮН хэл, соёлын төв Дархан-Уул аймагт байрлах ХААИС-ийн харьяа УГТХ-ийн Агроэкологи бизнесийн сургуульд үүдээ нээхээр боллоо.
БНСУ-ын Политехникийн Их сургуулийг төгсөгч, доктор (Ph.D) С.Баттуяагийн санаачилга, хоёр их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын хоёр дахь том хот болох Дархан-Уул аймагт энэхүү төв үйл ажиллагаагаа явуулахаар болжээ. Тус төв нь солонгос хэл, соёлыг зааж сургах, үндэсний боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх, Монгол дахь солонгос судлалыг хөгжүүлэх болон хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.
БНСУ-ын Политехникийн Их сургууль болон ХААИС-ийн хамтран зохион байгуулж буй "СЭЖҮН Солонгос хэл, соёлын сургалтын төв" нь анхны элсэлтэндээ 10 дугаар сарын 16-аас 25-ыг хүртэл бүртгэж байна.
Сонирхсон хүн бүхэн хамрагдах боломжтой, үнэ төлбөргүй тус сургалт 10 дугаар сарын 26-аас эхлэн 10 долоо хоног үргэлжлэх юм. Дархан-Уул аймгийн оюутан, залууст БНСУ-ын Политехникийн Их Сургуулийн мэргэжлийн багшийн удирдлага дор солонгос хэл сурах, тухайн орны соёлтой танилцах боломж бүрдлээ.
Тус төслийн санаачлагч болон удирдагчаар доктор (Ph.D) С.Баттуяа ажиллаж байна.