ХААИС-ийн эрдэмтэн судлаачдын бий болгосон оюуны өмчийг үнэлэх хэрэгцээ, шаардлага, үнэлгээний аргачлал, үнэлгээ хийхэд тулгамдаж буй асуудал тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар оюуны өмчийн үнэлгээчин, мэргэжилтнүүд зөвлөгөө өгөх зорилготой “Оюуны өмчийн үнэлгээ” семинарыг зохион байгуулж дээрх зорилтот бүлгийн төлөөлөл болсон 40 гаруй эрдэмтэн судлаач, мэргэжилтэн оролцож санал бодлоо солилцлоо.
Семинарыг нээж Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал Г.Гантулга үг хэлэхдээ, “... Монгол Улс 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжсэн боловч оюуны өмчийг эргэлтэд оруулах асуудал орхигдсон. Салбарын судлаачид үүргээ сайн гүйцэтгэж олон жилийн судалгаа, туршилтын үр дүнд Монгол орны нөхцөлд дасан зохицсон үр тариа, таримлын сорт, өндөр ашиг шимт малын үүлдэр, үүлдрийн хэсэг, омгууд, малын эрүүл мэндийг хамгаалах оношлуур, эмчлэх арга, технологи, вакциныг бий болгож баталгаажуулсан ч улсад, хувь судлаачдад ч ашигтай байдлаар үр шимийг хүртэх нь учир дутагдалтай байна. ХААИС дээд боловсролын шинэчлэлээр судалгаа, инновацын ажилд ач холбогдол өгч ажилласнаар төсөл хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй том, 60 орчим жижиг лабораториор судалгааны орчныг шинэчилсэн. Мөн хууль эрх зүйн орчин харьцангуй шинэчлэгдэж, УИХ Инновац, цахим бодлогын байнгын хороотой болж оюуны өмчийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлүүлэх, дэмжлэг авах боломж бүрдэж байна” гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.
Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг “Оюуны өмчийн үнэлгээний эрх зүйн орчин” сэдэвт илтгэлдээ оюуны өмчийн олон улсын болоод Монгол Улсын эрхзүйн орчин, оюуны өмчийн үнэлгээ хийх аргууд, судлаачид эрхийн хамгаалалт аваад орхих биш эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд зуучлалын үйлчилгээ авах хэрэгтэйг онцолсон бол Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Батцэцэг “Оюуны өмчийн үнэлгээ хийлгэсэн туршлага”-аа хуваалцахдаа оюуны өмчийн үнэлгээ хийлгэхэд тулгамдаж байгаа гол гол бэрхшээлийг тодорхойллоо.
АТЕН хөрөнгийн үнэлгээний компанийн дэд захирал, мэргэшсэн үнэлгээчин, доктор П.Болормаа “Оюуны өмчийн үнэлгээний ач холбогдол, онцлог” илтгэлдээ оюуны хөрөнгө, биет бус хөрөнгө, оюуны өмч түүний төрөл, үнэлгээ хийлгэх эрэлт хэрэгцээ, стандарт, үе шатыг тайлбарлаж, оюуны өмчийг эргэлтэд оруулах аргачлалын үе шат бүрийг тодорхой жишээн дээр харуулж, Худалдаа хөгжлийн банкны Жижиг, дунд бизнес бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн ахлах менежер Ү.Оюунномин “Барааны тэмдэг барьцаалсан зээлийн үйлчилгээ” илтгэлээр юуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж, барааны тэмдгийг барьцаалж банкны зээл авах арга, оюуны өмчийг банкны зээлд барьцаалах боломж нөхцөлүүдийг бусад орны хэрэгжүүлж буй арга хэлбэртэй харьцуулж үзүүлсэн юм.
Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төвийн захирал, академич А.Бакей семинарын ач холбогдлыг дүгнэж хэлсэн үгэндээ “... Монгол Улс зах зээлд шилжээд 30 гаруй жил болсон ч шилжээгүй үлдсэн цорын ганц зүйл нь оюуны өмчийн эдийн засгийн асуудал юм. Бидний сул тал оюуны өмчөө баталгаажуулчихаад орхиод байгаа асуудал. Бид Хөдөө аж ахуйн их сургуулийн “Оюуны өмчийн бодлого” буюу оюуны өмчийг үнэлэх, хадгалах, ашиглах журмыг Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулах гэж байгаа бөгөөд та бүхний илтгэлд дурдагдсан гол санаануудыг харгалзан үзэх болно. Судлаачид, гарааны копманиуд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах маркетинг, менежментийн асуудлыг онцгой анхаарч, оюуны өмчөө дээдэлж, эдийн засгийн эргэлтэд оруулж, улсдаа хувь нэмрээ оруулцгаах”-ыг уриаллаа.