Ш.ДОРЖПАГМА: БАГШ БОЛ ШИДТЭЙ ҮГЭЭР “ЗЭВСЭГЛЭСЭН” СЭТГЭЛ ЗАСАЛЧ ЮМ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-10-22 02:51:23

Хөдөө аж ахуйн их сургуулийн 2020 оны Шилдэг залуу багш, Агроэкологийн сургуулийн Таримал судлал, ой, ландшафтын архитектурын тэнхимийн ахлах багш, доктор Ш.Дожпагматай өнгөрсөн онд хийсэн онцлох ажлынх нь талаар ярилцлаа.

-Бусдыгаа манлайлсан ажлынхаа үр дүнгээс танилцуулахгүй юу?

Хөдөө аж ахуйн их сургууль сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болох зорилготой. Үүнтэй уялдан оюутны хичээлийн оролцоо, идэвх, хандлагыг нэмэгдүүлж, сургалтын орчинг сайжруулах зорилгоор Ургамлын аж ахуйн кабинетийг өөрийн санаачилга, хөрөнгөөр шинэчлэн тохижуулсан. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих зорилгоор олгодог докторын дараах судалгааны тэтгэлэг хүртсэн. Удирдаж буй магистрант оюутан маань улсын хэмжээний эрдэм шинжилгээний бага хуралд судалгааны үр дүнгээр илтгэл хэлэлцүүлж, гуравдугаар байранд орлоо.  Олон улстай хамтарсан хоёр төслийн гүйцэтгэгчээр ажилласан. Төслийн үр дүнд говийн бүсэд хүнсний ногооны үр үржүүлэгдэн гарч байна. Үүний зэрэгцээ эрдэм шинжилгээний өгүүлэл хоёр, гарын авлага нэгийг хэвлүүлж, эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл нэгийг хянан тохиолдуулсан байна. Түүнчлэн сургалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, заах арга зүй болоод эрдэм шинжилгээ, инноваци, мэргэжлийн үйл ажиллагаанд оролцсон ажлуудыг маань үнэлсэн гэж бодож байна.

-Таны бодлоор багш хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

Эх орны хойч ирээдүй болсон залуусыг мэдлэг, мэргэжилтэй болгох, үндсэн суурь мэдлэг, арга ухааныг хялбар, сонирхолтой хэлбэрээр заан, оюун ухааныг хөгжүүлж, бие даан суралцах, амьдрах, хөдөлмөрлөх арга ухаанд өөрийн биеэр үлгэрлэн хүмүүжүүлэгч юм. Товчоор хэлбэл, шидтэй үгээр “зэвсэглэсэн” сэтгэл засалч   гэж боддог.

-Багш хүн тасралтгүй хөгжиж, суралцах хэрэгтэй байх. ХААИС-ийн зүгээс багшийг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр юу хийдэг бол?

Тэгэлгүй яахав. Багш хүн оюутнууддаа үргэлж шинэ мэдлэг түгээж байх үүднээс өөрөө байнга тасралтгүй хөгжиж байх ёстой гэж боддог. Манай ХААИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын албанаас багшийн хөгжлийг дэмжих зорилгоор сургалтуудыг байнга зохион байгуулдаг. 

-Залуу багш нарт тулгардаг бэрхшээл юу байдаг бол... ?

Залуу хүн цаг тутамд шинийг сурж, мэдлэгээ дээшлүүлж хөгжиж байх хэрэгтэй гэж боддог. Тэр болгонд цаг зав зарцуулах боломж бас хомс байдаг. Гэвч цагаа зөв төлөвлөн, өөрийгөө хөгжүүлэхэд  анхаардаг.

-Өнөөдөр оюутан, залуусын хандлага өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад багш нар ч мөн хандлагаа өөрчлөх хэрэг гардаг байх. Тэд өнөөдөр юуг илүү сонирхож байна вэ?

Орчин үед нэг талаасаа нийгмийн амьдрал нөгөөтэйгүүр оюутнуудын эрэлт, хэрэгцээ сонирхол эрчимтэй өөрчлөгдөж байна. Эдгээрийг багш байнга мэдэрч сурган хүмүүжүүлэх ажлаа өөрчилж боловсронгуй болгож байх нь чухал. Оюутан бүр судалгаа хийхийг эрмэлздэг, зоридог болсон. Тийм учраас оюутан залуучуудын мэргэжлийн мэдлэг, ур чадвар хандлагыг зөв төлөвшүүлэх  замаар суралцагч бүрийг судлаач, бүтээлч болгохыг зорьдог. Ийм хандлага, зорилготой оюутнууд олон болж байгаад талархдаг.

 Р.Батчимэг