МААБС-ийн ДЭРГЭД ТЭЖЭЭЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СУРГАЛТ,СУДАЛГААНЫ ЦЕХ НЭЭГДЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-10-23 09:28:39

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн “БЭЛЧЭЭР, ТЭЖЭЭЛ СУДЛАЛ, МЕНЕЖМЕНТ” профессорын багийн хамт олон “Эрчимжсэн аж ахуйд тэжээл үйлдвэрлэх боломж” сэдэвт өдөрлөгийг /2020-10-23/ зохион байгууллаа. Энэ үеэр мал амьтанд зориулсан холимог, багсармал тэжээл үйлдвэрлэх  сургалт судалгааны  цех нээснээ зочдод танилцуулсан юм.

            Тус цех нь 1 цагт нэг тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Цехийн байр сав, агуулах, зам талбайн хөрөнгө оруулалтыг БНСУ-ын Копиа Монгол төвтэй хамтран хэрэгжүүлж буй Ж. Шинэхүү удирдагчтай “Өвлийн улиралд өсвөр үхэр бордох технологи” төслийн санхүүжилтээр, тэжээл хэрчигч машин, үр тариа бутлагч, тэжээл хорголжлогч машиныг Н. Тогтохбаяр, А.Отгонжаргал, Д, Гүрбазар нарын удирдаж буй ШУТ-ын төслөөс тус тус санжүүжүүлжээ. Түүнчлэн тоног төхөөрөмжийн жигдрүүлэлт, тохиргоог Инженер, технологийн сургуулийн багш Д.Баатархүү, М.Анхбаяр, Б.Ганбат нар хамтран гүйцэтгэсэн байна.

“БЭЛЧЭЭР, ТЭЖЭЭЛ СУДЛАЛ, МЕНЕЖМЕНТ” профессорын баг нь Копиа Монгол төвийн санхүүжилтээр “Өвлийн улиралд өсвөр үхэр бордох технологи”,  АХБ-ны санхүүжилттэй “Уурагт тэжээл үйлдвэрлэл”, Туркийн хамтын ажиллагааг зохицуулах агентлаг ТИКА байгууллагын “Тэжээлийн холимог тариалах, тэжээл бэлтгэх”, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн “Бэлчээр ашиглагчдын хэсэгт тохирсон МАА-н менежментийг бий болгох” зэрэг томоохон төсөл хөтөлбөрийг одоо хэрэгжүүлж байна.  Профессорын багийн хамт олон бордооны үхэр, саалийн үнээ, хонь, гахай, шувуу, зөгийн тэжээл үйлдвэрлэх 20 ашигтай загварын гэрчилгээг эзэмшдэг бөгөөд эдгээр тэжээлүүдийг өөрийн сургалт, судалгааны цехдээ үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдлээ.

Энэхүү цех нь оюутан, багш, судлаачдыг чадвахжуулахын зэрэгцээ байгаль орчны доройтол, ган, зудын эрсдэлт нөхцөл байдалтай энэ үед мал аж ахуйн үйлдвэрлэл, бүтээмжийг нэмэгдүүлэхэд мэдлэг, технологи шингэсэн тэжээл бэлтгэж, хэрэглэгчдэд хүргэхэд  чухал хэрэгцээтэйг оролцогчид онцолж байлаа.

Өнгөрсөн нийгмийн үед 273 мянган тонн багсармал тэжээл үйлдвэрлэх чадалтай 21 үйлдвэр, цех  ажиллаж байсан бол өдгөө жилдээ 101 тонн тэжээл үйлдвэрлэж бусдыг нь импортолж байгаа аж. Тиймээс дотоодынхоо хэрэгцээг хангах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд технологи шингэсэн тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, үр ашгийг хэрэглэгчдэд таниулах нь чухал байгааг судлаач, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл хэлж байлаа.