БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-10-27 13:35:01

Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга доктор, дэд профессор С.Мөнхбат тэргүүтэй төлөөлөл “Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал” хэлэлцүүлгийг ХААИС-ийн Захиргааны байранд өнөөдөр /2020-10-27/ зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт ХААИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэн, салбар, нэгжийн захирал, дэд захирлууд оролцож, хуулийн төсөлд тусгах саналаа хэллээ.

Боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, чанаржуулах, энэ салбарт хийгдсэн олон улсын мэргэжлийн байгууллагуудын судалгааны үр дүн, санал, дүгнэлтэд үндэслэн Боловсролын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, их, дээд сургуулийн төлөөлөлд танилцуулан нээлттэй хэлбэрээр санал сонсож байгаа аж.

Хуулийн төслийн дээд боловсролтой хамаарах хэсгийг  доктор, дэд профессор С.Мөнхбат танилцуулсан юм. Тухайлбал, их сургуулийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, засаглал, менежментийг улс төрөөс хараат бус болгох, оюутны төлбөрт түшиглэсэн санхүүгийн эх үүсвэрийг бууруулах, төрийн өмчийн их, дээд сургуулийн багш нар төрийн үйлчилгээний албан хаагч гэсэн статустай ч нийгмийн баталгааны хувьд өөрөөр зохицуулагдаж байгааг шинэчлэхээр тусгасан. Төрийн өмчийн их, дээд сургуулиуд төрийн гэх статустай ч төрөөс дэмжлэг авдаггүй. Тиймээс үүнийг хэрхэн шийдвэрлэх болон эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг дэмжихийн зэрэгцээ их сургуулийн профессор багш, суралцагч  гэж хэн болохыг нарийвчлан тусгахаар төлөвлөсөн гэв.

Танилцуулгын дараа ХААИС-ийн төлөөлөл саналаа хэлсэн юм. Тухайлбал, академич А.Бакей, Шинжлэх ухаан технологийн хөгжил, аж үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсгалын энэ үед Монгол улсын дээд боловсролын хөгжил хоцорч байгааг онцлоод дэлхийн хөгжлийн чиг хандлага, нийгмийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан агуулга, хөтөлбөрт эрс шинэчлэл хэрэгтэй байна.  Мөн статусын хувьд хувийн болон төрийн өмчийн их, дээд сургуулийн ялгааг нарийвчлан тусгаж, төрийн өмчийн сургуулийн менежментийг шинэчлэн, чанараар өрсөлдөх эдийн засгийн хөшүүргийг бий болгох хэрэгтэй гэв. Профессор Ж.Ундармаа, Судалгааны төвүүдийн эрх зүйн орчны статусыг тодорхойлж, судлаачдын судалгааны үр дүн, үнэлэмжийг тооцоолох шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох хэрэгтэй байна гэлээ.

Доктор Б.Ганбат, ХАА-н салбар нь Монгол улсын соёл, түүх, эдийн засаг, стратегийн тулгуур салбар гэдгийг нийтэд ойлгуулж, ач холбогдол өгөх, төсөл, хөтөлбөртэй холбоотой тайлан мэдээллийг цахимжуулах шаардлагатайг онцолсон юм. Энэ мэт сургуулийн удирдлага, багш судлаач нар тус бүрдээ тодорхой санал дэвшүүллээ.

 Мөн энэ үеэр Чанарын удирдлага, зохицуулалт эрхэлсэн дэд захирал, доктор О.Нямсүрэн, Дэд сайдын ХААИС, ШУТИС-ийг нүүлгэн шилжүүлнэ гэдэг мэдэгдэл нь энэ сургуулиудад ажиллаж буй багш, ажилтан, тэдний гэр бүл, төгсөгчид, суралцагчид, суралцахаар төлөвлөж буй оюутнуудыг цочроосон нийгмийн асуудал болж байна. Яамны зүгээс ямар тооцоо, судалгаа, ТЭЗҮ-г үндэслэж мэдээлэл хийв. Олон жилийн түүхтэй энэ сургуулиудыг нүүлгэн, шилжүүлэх нь ямар ач тустай болон төрийн өмчийн их сургуулиудын оршин тогтнох асуудалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй тул дэлгэрэнгүй хариулт авахыг хүссэн юм. Энэ асуултад тус яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга доктор, дэд профессор С.Мөнхбат, Бүгдийг шилжүүлнэ гэж ойлгож болохгүй. Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртэй уялдуулан агроном, малын эмч зэрэг цөөн мэргэжлийн хөтөлбөрийг үйлдвэрлэлтэй холбох зорилгоор  орон нутаг руу шилжүүлэх тухай яригдаж байгаа гэв.

Дээрх хуулийн төслийг боловсруулан БШУЯ-ны цахим хуудсанд байршуулах тул  дэлгэрэнгүй танилцан санал, хүсэлтээ уламжлах эрх хүн бүрд нээлттэй аж.