“САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СЕМИНАР БОЛОВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-10-28 08:07:21

Эрдэм шинжилгээ,  инновацийн албанаас “Салбарын эрдэм шинжилгээний сэтгүүлийг хөгжүүлэх нь” сэдэвт семинарыг өнөөдөр /2020-10-28/ зохион байгууллаа. Тус семинарт бүрэлдэхүүний сургууль, харьяа хүрээлэнгийн захирал, дэд захирлууд, эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүд оролцов.

Семинарт “Mongolia journal online”-ий менежер Л.Гантулга “Mongolia journal online, Мongolia Jol”-ийн талаар танилцуулга хийсэн бол ХААИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Баярмаа “Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан сэтгүүлийг хөгжүүлж буй туршлага”, “Эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргах нь” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

Мөн Мал эмнэлгийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Очирхүү “Мал эмнэлэг, биологийн салбарын сэтгүүл хөгжүүлэлт” сэдвээр илтгэл тавьсан юм. Тус сургууль Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран салбарын сэтгүүл гарган хөгжүүлэхээр төлөвлөж, анхны дугаараа хэвлүүлэхэд бэлэн болжээ. Хамтран сэтгүүл хэвлүүлснээр олон давуу талтайг тэрээр онцоллоо. Тухайлбал, хэвлэлтийн зардал багасна, өгүүллийн тоо нэмэгдэж, чанар сайжирна. Дотоод, гадаадад суралцаж, судалгаа хийж буй судлаачид мэдээлэл авах, орон зайнаас үл хамааран өгүүллээ нийтлүүлэх боломж бүрдэнэ. Мөн Мал эмнэлгийн шинжлэх ухааны нэгдсэн сан бий болж, цаашид энэ сэтгүүлийн нэр хүнд өссөнөөр сургуулийн үнэлгээнд ч эерэг нөлөө үзүүлнэ гэв.  

Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал, профессор Г.Гантулга, шинэ санаачилга гарган хүрээлэн, сургууль хамтарсан шинжлэх ухааны сэтгүүл хэвлэн хөгжүүлэх гэж буйд талархаж буйгаа илэрхийллээ. Семинарын төгсгөлд нээлттэй хэлэлцүүлэг болж, оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.