Бүтээлч оюутнууд төсөл хэрэгжүүлэн сургуульдаа эко цэцэрлэг байгууллаа

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-04-10 09:42:10

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Агрономи болон Ландшафтын архитектурын ангийн оюутнууд сургуульдаа бичил эко цэцэрлэг байгууллаа. Оюутнууд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд “Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг”-т төслийн саналаа хүргүүлсэнээр дэмжигдсэн юм.

Агроэкологийн сургуулийн Агрономийн 3-р ангийн оюутан Х.Мөрөн ахлагчтай төслийн баг төрөл бүрийн олон наст ургамал тариалан “АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ” эко цэцэрлэг байгуулахаар төлөвлөсөн бол Ландшафтын архитектурын ангийн оюутан О.Цэрэннадмид ахлагчтай баг “СУРАЛЦАХ ОРЧИН-ЭКО ТОХЬ” төслийнхөө хүрээнд суралцагчид чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, хамтран хичээл хийх боломжтой орчныг бүрдүүлэх зорилго тавьсан байна.

Дээрх хоёр төслийн багийнхан хамтран төв сургуулийн хоёр давхарт оюутнууд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, хамтран хичээл хийх боломжтой, хүчилтөрөгч ихээр үйлдвэрлэдэг олон наст ургамал, ширээ сандал бүхий эко цэцэрлэг байгуулжээ.

“АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ” эко цэцэрлэг төслийн ахлагчаар Агроэкологийн сургуулийн Агрономийн 3-р ангийн оюутан Х.Мөрөн, багийн гишүүдээр Л.Сумяабазар, А.Оюунбаяр нар ажилласан бол “СУРАЛЦАХ ОРЧИН-ЭКО ТОХЬ” төслийн ахлагчаар Ландшафтын архитектурын ангийн оюутан О.Цэрэннадмид, багийн гишүүдээр М.Нямдулам, Ц.Цэнд-Очир, М.Наранбилэг, Э.Бадамсэрээжид, Б.Гансүрэн нар ажилласан байна.               

Төсөл тус бүрийн 5 сая төгрөгийн санхүүжилтээр дээрх ажлыг гүйцэтгэжээ

Оюутнууд төслийнхөө хүрээнд ногоон орчин бий болгох талбай бэлтгэн, агаар цэвэршүүлэгч олон наст ургамлууд тариалж, оюутан, суралцагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авсан байна.

Сонирхуулахад, тайван байдалд эрүүл хүн нэг минутад 8-10литр, цагт 500-600 литр, хоногт 1200-1400 литр хүчилтөрөгчөөр амьсгалдаг бол биеийн хүчний ачааллын үед 20,0 мянган литр хүртэл өсдөг аж. Олон улсад хийсэн судалгаагаар хүрээлэн буй орчны бохирдол нь оршин суугчдын өвчлөлийг их хэмжээгээр нэмэгдүүлдэг байна.

"СУРАЛЦАХ ОРЧИН- ЭКО ТОХЬ" ТӨСЛИЙН БАГ

"АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ-ЭКО ЦЭЦЭРЛЭГ" ТӨСЛИЙН БАГ