Монголын их, дээд сургуулиудын консорциумын тэргүүн, ХААИС-ийн захирал, доктор, профессор, Төмөрбаатарын Хэрүүгагаас үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас их, дээд сургуулиудын хичээл, сургалтыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар тодрууллаа.
-Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлах асуудлыг ярилаа. Үүнтэй холбоотойгоор их, дээд сургуулиудын шалгалт, анги дэвших асуудлыг хэрхэн шийдэхээр болж байгаа вэ. Ялангуяа төгсөх ангийнхан хэрхэн дипломаа хамгаалах вэ? |
-Улсын Онцгой Комиссоос их, дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах шийдвэр гарах үед их, дээд сургуулиуд цахимаар шалгалтаа авах бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн. Төгсөлтийн ажил, диплом бичих удирдамж, заавар, зөвлөмжийг шинэчлэн боловсруулж цаг тухайд нь оюутанд хүргэж тасралтгүй эргэх холбоотой ажиллаж байна. Төгсөлтийн ажил, диплом бичиж байгаа оюутан удирдагч багшаас хангалттай зөвлөгөө авах боломжгүй бол төгсөлтийн нэгдсэн шалгалтыг цахим хэлбэрээр өгөх эрхийг нээлттэй болгосон.
Зайлшгүй лабораторийн туршилт, судалгааны үр дүнг оруулж дуусгах, төгсөлтийн ажлуудад (ялангуяа ахисан түвшний сургалтанд) энэхүү нөхцөл байдлын үед баримтлах зохицуулалтуудыг зөрчихгүйгээр туршилт явуулах боломжийг бүрдүүлж байна. Цахим сургалтын үед шалгалтыг тест болон видео ярилцлага хэлбэрээр авна. Ердийн үеийн шалгалтаас арай хялбаршуулсан.
Цахим сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх, холбогдох эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор “Цахим сургалтын үйл ажиллагааг явуулах түр журам”-ыг гаргаж, энэ журмаар цахим сургалтын үед оюутны мэдлэгийг хэрхэн үнэлэх, цахим сургалтын агуулгыг танхимд бататгах, хамрагдаж чадаагүй оюутны хичээл нөхөлт зэргийг зохицуулсан. Журмыг сургуулийн удирдлага мэдээллийн системээр дамжуулаад оюутнууддаа хүргэж байна. Ороогүй хичээл гэж байхгүй, бүгд цахим хэлбэрээр орж байгаа.
-Хувийн болон улсын их, дээд сургуулиуд өөр өөр арга хэмжээ авах уу?
-Өнөөдөр Mонгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн их сургуулиудад өдөр тутмын сургалт, судалгааны ажил, таны асууж буй төгсөлийн үйл ажиллагаа ерөнхийдөө адилхан гэж ойлгож болно.
-12 сараас эхлэн их, дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлаад байгаа. Энэ хугацаанд цахимаар хичээл орсон. Үүнд хэрхэн үнэлгээ өгч, тухайн оюутны ирцийг яаж тооцохоор байгаа бол?
-Их, дээд сургуулиуд өөрсдийн удирдлага мэдээллийн систем /УМС/-ээр оюутнуудын цахим хичээлийн сонголт, хичээлийн явц, оролцоог хянаж байна.
-Энэ жил их, дээд сургуулиудын элсэлтийг хэрхэн зохион байгуулах вэ?
-БСШУСЯ -наас элсэлтийн ерөнхий шалгалтыг VII сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулж, их дээд сургуулийн элсэлтийг VII сарын 8-10-нд дуусгахаар төлөвлөж байна.
-Их, дээд сургуулиудын энэ жилийн төлсөн төлбөр дээр ямар нэгэн асуудал үүсэж байгаа юу? Танхимаар сургалт ороогүй гээд өөрчлөлт гарсан зүйл бий юу?
-Их, дээд сургуулиудын сургалтын технологийн хэлбэрээс хамаарч сургалтын төлбөр төлөлт ялгаатай байна. Хавар, намрын гэсэн хоёр улирлын системтэй сургуулиудын хувьд төлбөрөө бүрэн авсан. Харин дөрвөн улирлын системтэй ХААИС-ийн хувьд төлбөр төлөлт 70 хувиас хэтрэхгүй байна. Иймд Боловсролын зээлийн сангаас авах ёстой үлдэгдэл санхүүжилтээ авсаны дараа багш, ажилтнуудынхаа цалин олгох боломж бүрдэнэ.