ХААИС-ийн оюутнууд хаягдал тосноос олон төрлийн бүтээгдэхүүн гарган авах төсөл хэрэгжүүлж байна

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-04-23 09:43:54

ХААИС-ийн оюутнууд био хаягдал тос боловсруулж, олон төрлийн бүтээгдэхүүн гарган авч байгаль дэлхийгээ хамгаалах зорилготой төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Монгол орон нь мал сүрэг ихтэй бөгөөд түүнээс ялгарах өөх тосыг боловсруулах үйлдвэр байдаггүйн улмаас байгаль орчинд хаягддаг. Мөн үүнтэй нэгэн ижил ашигласан ургамлын тос их хэмжээгээр хаягдаж байгаа нь тэдгээрийг боловсруулах үр ашигтай технологийг нэвтрүүлэх чухал ач холбогдолтой билээ.

Иймээс оюутнууд судалгааны ажлын хүрээнд хаягдал өөхөн тос, ургамлын тосыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд үүсдэг бэрхшээлийг шийдэж, хөргөх шингэн, шил арчигч шингэн, биодизель түлш, нүүрс асаагч зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн гарган авчээ.

Оюутнууд төслөө гүйцэтгэхдээ, ХААИС-ийн ИТС-ийн багш доктор, дэд профессор Г.Энхбаяр ахлагчтай “Био эрчим хүч” багийн хамт олонтой хамтран ажиллаж байгаа бөгөөд тус багт 2006 оноос хойш энэ чиглэлээр ажилласан туршлагатай эрдэмтэн судлаачид байдаг байна.

Төслийн үр дүнд хог, хаягдлыг дахин боловсруулж олон төрлийн бүтээгдэхүүн гарган авах туршилт, судалгаа хийж байгаагаас гадна байгаль орчны бохирдлын бууруулахад эерэг нөлөөтэй. Мөн оюутан, суралцагч, клубын гишүүд судалгааны ажлын арга зүй, эрдэм шинжилгээний ажил, бүтээл хийх аргыг эзэмших, энэ чиглэлээр суралцах сонирхолтой оюутныг хөгжүүлэхээс гадна лабораторитой болсоноор оюутан залуус сурах таатай орчин бүрдэж буй юм.

 “Био эрчим хүч” баг нь Европын холбооны улсуудад хэрэглэгддэг EN 14214 стандартад тулгуурлан технологийн горимд нэмэлт өөрчлөлт оруулан олон төрлийн бүтээгдэхүүнүүд гарган авах судалгааг 2015 оноос эхлүүлсэн байна. Дэлхий нийтийн болон манай улсын хэмжээнд тулгамдаж байгаа асуудал болох хог хаягдалыг дахин боловсруулах түүнийг бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэхэд төслийн зорилго чиглэгдэж байгаа аж.  

Оюутнуудын санаачлан хэрэгжүүлж буй “Химийн аргаар био хаягдал тосноос олон төрлийн бүтээгдэхүүн гарган авах” төсөл нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-өөс шалгаран, 10 сая төгрөгийн санхүүжилт авсан юм. Төслийн ахлагчаар ХААИС-ийн Биотехнологийн ангийн оюутан О.Бат-Эрдэнэ, багийн гишүүдээр Ц.Бат-Эрдэнэ, Ц.Хулан, С.Ханджав нар ажиллаж байна.