ХААИС-ийн Цахилгаан хангамжийн ангийн оюутан Б.Энхбаяр, багш Г.Нямдорж нар хамтран малын байршил тогтоох системийн загвар боловсруулжээ. Байршил тогтоох системийг хэрэглээнд нэвтрүүлсэнээр малын хорогдол, хулгайг бууруулах, мал хариулгын ажлыг хөнгөвчлөхөөс гадна гэрээсээ мал сүргээ хаана явааг мэдэх боломжтой юм. Алдуул малыг хурдан шуурхай хайж олсоноор хөдөлмөр, цаг хугацаа, цаашлаад өрхийн эдийн засгийг хэмнэх давуу талтай. Үүгээрээ малчдад ая тухтай байдлыг авчирч хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухааны ололт, амжилтыг нэвтрүүлэх, хиймэл дагуулын системийн тухай мэдлэгийг түгээх боломжтой. Төхөөрөмжийг холын бэлчээртэй, хулгайд ихээр өртдөг адуун сүрэгт суурилуулахад илүү тохиромжтой аж.
Манай улс 2019 оны жилийн эцсийн мал тооллогын нэгдсэн дүнгээр 70,9 сая толгой малтай болсон. Малын тоо толгой өсөхийн хэрээр зүй бус хорогдол тэр дундаа малын хулгай сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон. Тиймээс малын хулгайг бууруулахад ч ач тустай гэж зохион бүтээгчид тайлбарлав.
Уг төхөөрөмж нь энгийн 9В-ын зайгаар тэжээгддэг. Хиймэл дагуулын мэдээлэлийг ardionu nano болон модемь (GSM 900) ашиглан, утсанд мессежээр ирэхээр програмчлагдсан. Манай улс өргөн уудам нутаг дэвсгэртэй ч говь, тал хээрийн бүст гар утасны сүлжээ өргөн нэвтэрсэн учир малын байршлийг тодорхойлох хиймэл дагуулын системийг ашиглах боломжтой. Мөн олон улсад төдийгүй манай оронд хэрэглэгдэж буй байршил тогтоогч төхөөрөмжүүдтэй харьцуулахад үнэ маш хямд гэдгээрээ давуу талтай аж.
Тус төхөөрөмж нь;
GROVE GPS: Энгийн хэрэгцээнд ашиглах боломжтой
- Хиймэл дагуулын мэдээллийн алдаа хамгийн багатай
Arduino nano: Электроникийн бусад элемэнтээс хамгийн бага хэмжээтэй
- GSM900A модем: Үүрэн холбооны сүлжээ татах чадвар сайтай
- Энгийн хэрэгцээнд ашиглахад хялбар зэрэг болно