ОХУ-ын Суурь судалгааны сан, Монгол Улсын БСШУСЯ-ны хамтарсан “Дэвшилтэт арга, технологид суурилсан органик хөдөө аж ахуйн хөгжлийн үзэл баримтлал боловсруулах нь” сэдэвт төслийг 2020 оноос эхлэн Монгол Улсын ХААИС, ОХУ-ын Алтайн хязгаарын ХААИС-ийн судлаачид хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн Монгол талын удирдагчаар академич, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор А.Бакей, ОХУ-ын талын удирдагчаар Алтайн хязгаарын ХААИС-ийн профессор Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Кундиус В. Л. нар ажиллаж байна.
Уг төслийн хүрээнд “Органик хөдөө аж ахуйн хөгжлийн асуудал, дэвшилтэт технологи” сэдэвт эрдэм шинжилгээний цахим бага хурал 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдав.
Уг бага хуралд Монгол улс болон ОХУ-ын Алтайн хязгаарын бүс нутгийн байгалийн болон биологийн давтагдашгүй нөөцөд тулгуурласан, хүрээлэн буй орчинд ээлтэй, ногоон технологид суурилсан, органик газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх боломж, хөдөө аж ахуйн буюу агро үйлдвэрлэлд дэвшилтэт, ухаалаг фермерийн аж ахуйн технологи нэвтрүүлэх үзэл баримтлал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох технологи ашиглах зэрэг салбарын хөгжлийн тулгамдсан асуудлын гарц, шийдлийн талаар 10 гаруй сонирхолтой илтгэл хэлэлцэв. Тус бага хуралд Алтайн хязгаарын ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Евгений Попов, Монгол Улсын ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал Г.Гантулга нар оролцож, хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх судалгааны чиглэлийн талаар санал солилцов. Талууд уг бага хуралд танилцуулсан илтгэлийг ОХУ-ын шинжлэх ухааны эшлэлийн систем (Российский Индекс Научного Цитирования - РИНЦ)-д бүртгэлтэй «Наука и образование Большого Алтая» эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэхээр шийдвэрлэв.