Р.Чанцалдулам: Ажил хайгч биш бүтээгч байх боломжтой салбар бол Хөдөө аж ахуй

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-06-22 08:51:16

Р.Чанцалдулам: Ажил хайгч биш бүтээгч байх боломжтой салбар бол Хөдөө аж ахуй

Монгол Улсад хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг цорын ганц сургууль бол Хөдөө аж ахуйн их сургууль. Хүнсний хангамж, хүртэмж, чанар аюулгүй байдлын асуудал өнөөдөр дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг болсоор удаж байна. Дэлхий нийтийн хүн амын өсөлт, түүнийг дагасан үйлдвэржилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор улс орнууд хүнсний хангамж, нөөцийн асуудалд онцгойлон анхаарч, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих болов.  Нөгөө талаар Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор улс орон бүр хүнсний хэрэгцээгээ дотооддоо хангах бодлого хэрэгжүүлж эхлэв. Тиймээс Монголын Хөдөө аж ахуйн салбарын хөгжил, дэвшлийг тодорхойлох мэргэжилтэн бэлтгэдэг ХААИС-ийн сургалтын бодлого, үйл ажиллагааны талаар Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор Р.Чанцалдуламтай ярилцлаа. 

-Дэлхийн улс орнууд хүнсний хангамж, хүртэмжийн асуудалд онцгойлон анхаарч байгаа энэ үед ХАА-н салбарын мэргэжилтнийг бэлтгэж буй танай сургуулийн бодлого, үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?

- “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичгийг үндэслэн 2017 оны есдүгээр сард Засгийн газрын 282 дугаар тогтоолоор “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг анх удаа баталсан. Ингэснээр 2024 он гэхэд дөрвөн их сургуулийг судалгааны чиглэлээр хөгжүүлэн Азийн түвшинд гаргана гэсэн зорилтдоо нэг алхам ойртсон юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд БСШУСЯ-аас “Судалгааны их сургууль” өрсөлдөөнт тэтгэлэг зарлаж, тодорхой шаардлага хангасан сургуулиудыг сонгон, тэдгээрийг судалгааны их сургууль болон хөгжихөд нь дэмжлэг үзүүлэхээр болсон. Тус тэтгэлэгт хамгийн түрүүнд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөө боловсруулж, хүргүүлсэн нь манай сургууль. Хөдөө аж ахуй бол манай улсын уламжлалт эдийн засгийн тулгуур салбар. Одоо ч хөдөлмөрийн насны хүн амын 53.9 хувь нь энэ салбарт ажиллаж байна. Тэр дундаа ХААИС бол олон жилийн туршлагатай эрдэмтэн багш нар, Монголын нөхцөлд он удаан жил нутагшсан технологи хийгээд сургалтын бааз суурь, тоног төхөөрөмжөөрөө салбартаа тэргүүлдэг. Тиймээс бид Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, бүс нутгийн шилдэг их сургууль болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Судалгааны их сургууль нь сургалт, судалгааг хослуулах замаар шинжлэх ухаан-боловсролын нэгдмэл хөгжлийг хангахын зэрэгцээ мэдлэгийн үйлдвэрлэл, хуримтлуулалт, дамжуулалт, түгээн дэлгэрүүлэлтийг үйл ажиллагааныхаа үндсэн чиг үүрэг болгож, нэмэлт орлогын эх үүсвэрээр эрдэм шинжилгээний ажлаа санхүүжүүлэх боломжийг бүрдүүлсэн байгууллагыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг хослуулан, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахуйц төсөлт болон захиалгат ажлуудыг хэрэгжүүлэх том институцыг судалгааны их сургууль гэж тодорхойлдог. Бид энэ зорилгод хүрэхийн төлөө ажиллаж байгаа.

-ХААИС одоогоор хэдэн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна вэ?

-ХААИС нь бүрэлдэхүүний 5 сургууль, харьяа эрдэм шинжилгээний 4 хүрээлэнтэй.  Бакалаврын 41 хөтөлбөр 56 мэргэжил, магистрын 44 мэргэжлээр, докторын 27 мэргэжлээр сургалт явуулж байна.

Одоогоор бакалавр, магистр, докторын шаталсан хөтөлбөрт 8900 оюутан суралцдаг. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд 30.000 орчим дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргасан. Тэдгээр мэргэжилтнүүд  манай улсын уламжлалт эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг ХАА-н хөгжилд тус тусын хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Хөдөө аж ахуйн их сургуулийн амжилт бол Монгол Улсад энэ салбар хэрхэн хөгжиж ирсэн түүх юм. Мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалан, ургамал хамгаалал, нөхөн сэргээлт, ХАА-н эдийн засаг гэх мэт хөдөө аж ахуйн салбар тус бүрээр нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.

Өнөөдөр Монгол улс стратегийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг 90-100 хувь хангаж байгаа нь манай сургуулийг төгсөн гарсан мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлийн үр дүн  гэж ойлгож болно. Атрын анхны шанг татсан газар тариаланчид, механикжуулагчид, малыг оношлох, эмчлэх эм, биобэлдмэл, тарилга зохион бүтээж, эмчлэн сэргийлж байгаа эмч, судлаач нар, ашигтай үүлдэр угсаа бий болгож буй мал зүйч, эрдэмтэд, ХАА-н бүтээгдэхүүний технологич, мэргэжилтнүүдийн хөдөлмөр зүтгэлээр манай улс хүнсний хангамжийн хувьд боломжийн түвшинд хүрч ирсэн. Цаашид ч техник, технологийн эринд эрчимжсэн, тогтвортой ХАА-н салбарыг хөгжүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхээр өөрсдийн боломж, бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

- Техник, технологийн хөгжлийг дагаад мэргэжлийн эрэлт, хэрэгцээ өөрчлөгдөж байна. Монгол улсад шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг гаргасан байсан. Эдгээрээс хэдийг нь танайх бэлтгэж байна вэ?

- Засгийн газраас Монгол улсад шаардлагатай  37 мэргэжлийн чиглэлийг тодорхойлсон. Түүнээс 10 гаруйг нь манай сургууль бэлтгэн гаргаж байна. Тухайлбал, МАА, Газар тариалан, хөрс судлал, ойн инженер, мал эмнэлэг, ХАА-н биотехнологи, хүнсний инженер, байгаль орчин, нөхөн сэргээлт зэрэг мэргэжлүүдийг дурдаж болно.

Мөн дэлхий нийтийн ирээдүйн чиг хандлагыг харахад ажлын байрны хэрэгцээ шаардлага болон мэргэжлийн ур чадварт ихээхэн өөрчлөлт гарч байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн захиалгаар хийсэн ”Хөдөлмөрийн  зэх зээлийн барометрийн судалгаа”-ны үр дүнгээс харахад 2018-2022 он гэхэд хүн болон машины гүйцэтгэж буй ажлын заагт онцгой ялгаа гарна гэсэн хүлээлт ажил олгогчдын дунд байна.

Судалгаанд хамрагдсан нийт 12 салбарын аж үйлдвэрийн ажлын өнөөгийн цагийн 71.0 хувийг хүн гүйцэтгэж байгаа бол машин 29.0 хувийг нь гүйцэтгэж байгаа юм. Харин 2022 он гэхэд хүний ажиллах дундаж цаг 58.0 хувь, машины ажиллах цаг 42.0 хувь болон өөрчлөгдөх төлөвтэй байна. Өнөөдөр мэргэжилтний эзэмших цогц чадамжийг их, дээд сургууль тодорхойлох биш харин төгсөгчдөд тавигдах мэргэжлийн ур чадварыг ажил олгогч өөрөө тогтоодог болсон. Тодруулбал, их дээд сургууль хэрэгцээнд суурилсан боловсрол, мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх тогтолцоонд шилжиж байна.

-Элсэгчдийн хувьд мэргэжил сонголт бол хамгийн чухал зүйл. Олон жил боловсролын салбарт ажиллаж байгаа хүний хувьд мэргэжил сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй талаар зөвлөгөө өгөхгүй юу?

- Дэлхий дахинд 7 мянга гаруй мэргэжил байдаг бол энгийн насанд хүрсэн хүн үүнээс 60 орчмыг л нэрлэж чаддаг гэдэг. Тиймээс мэргэжлүүдийн талаар ойлголттой болох хэрэгтэй.  Мөн өөрийнхөө сонирхож буй мэргэжилд үнэхээр хүсэл сонирхолтой эсэх, авьяас чадвар тань тохирох уу, ажлын байр, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй мэргэжил мөн үү, Монгол улсад ирээдүйд хэрэгцээтэй чухал мэргэжил мөн үү зэрэг асуултуудад хариулсны дараа мэргэжлээ сонгоорой гэж зөвлөх байна.

-Тэгвэл оюутнуудын хувьд ХААИС-ийг сонгон суралцах шалтгаан юу байж болох вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхий нийт, тэр дундаа олон улсыг хамарсан цар тахлын үед хүнсний асуудал маш чухлаар тавигдаж байна. Зарим улс орон хүнсний экспортоо хумих бодлого барьж эхэллээ. Тиймээс улс орон бүр хүнсний хэрэгцээгээ дотооддоо хангах зорилт дэвшүүлж байна. Хүн төрөлхтний амьдралын мөнхийн хэрэгцээ болсон хүнс тэжээлийг бэлтгэн нийлүүлэх, шинэ нөөц бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, байгальд ээлтэй тогтвортой МАА, Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэх нь манай улс төдийгүй олон улсын зорилт юм. Тиймээс ХАА-н салбарын мэргэжил эзэмшээд зорилготой, бүтээлч байж чадвал ажил горилогч биш ажил олгогч, бүтээгч байх боломжтой.

Мөн оюутнууд дан ганц танхимын сургалтаар мэдлэг олж авахаас гадна төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх боломжтой байдаг. Жишээлбэл, өнгөрсөн хичээлийн жилд оюутны 4 баг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-д саналаа хүргүүлэн шалгарч,  10 сая төгрөгийн санхүүжилт авсан юм. Төслийнхөө үр дүнгээр хавдрын эсрэг эко саван бүтээснээс гадна хаягдал тосноос биодизель түлш болон хөргөх шингэн, шил арчигч гарган авсан байх жишээтэй. Тиймээс багш болон найз нартайгаа хамтран энэ мэт эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөрт хамрагдаж, судалгаа, шинжилгээний арга барилд суралцах, шинэ мэдлэг олж авах цаашлаад судалгаагаа өргөжүүлэх гэх мэт олон боломж бий. 

-Аливаа зүйлийг бодитоор хийдэг учраас дадлагаас оюутнууд олон зүйлийг сурдаг шүү дээ. ХААИС-ийн хувьд дадлага хийх бааз суурь хэр байдаг бол…? 

- ХААИС-ийн сургалт нь лаборатори, сургалтын орчин шаарддагаараа бусад нийгмийн шинжлэх ухааны сургуулиудаас ялгаатай. ХААИС-ийн хувьд сүүлийн 6 жилд гаднын орны болон дотоодын төсөл, хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн шаардлага хангасан сургалтын 30 гаруй лабораторийг шинээр байгуулсан.

Мөн хээрийн сургалт-судалгааны бааз болох “Агропарк”, Өнжин”, “Мод үржүүлгийн газар”, “Партизан” геодезийн дадлагын полигон, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт орших Тэрэгтийн хөндийд 2 га талбай, Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэгийн аманд 2 га газарт мөн сургалт, үйлдвэрлэлийн дадлагаа хийдэг.  Дээрх судалгааны төвүүдэд агрономи, газрын мониторинг, үнэлгээ, экологи, ойн аж ахуй, байгаль орчны нөхөн сэргээлт, байгаль орчны хяналт үнэлгээний чиглэлээр мэргэжлийн багш нараар удирдуулан оюутнууд сургалт, үйлдвэрлэлийн дадлагаа хийж байна.

 

-ХААИС-ийг Гадаад харилцаа сайн гэж сонсож байсан. Хэдэн орны их, дээд сургуультай хамтран ажилладаг вэ?

-ХААИС-ийн хувьд гадаад харилцаа сайн хөгжсөн. Одоогоор 36 орны 204 их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай гэрээтэй ажиллаж байна. Мөн “хос хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд 10 жил болж байна. Хоёр орны хоёр их сургуульд суралцан хос дипломтой төгсөнө гэдэг том боломж. Үүнээс гадна оюутнууд маань Герман, Израйль, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон зэрэг орны хамтын ажиллагаатай их, дээд сургуулиудад мэргэжлийн дадлагаа цалинтай хийх, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой . Мөн Засгийн газраас зарлагддаг Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт ХАА-н салбарын мэргэжлийн чиглэлүүд илүү хамрагдах боломжтой байдгаараа давуу талтай.

-Энэ жилийн элсэлтийг цахимаар зохион байгуулж байна. ХААИС-д элсэхийг хүсвэл хэрхэн бүртгүүлэх вэ?

- ХААИС элсэлтийн бүртгэл Улаанбаатар хотод 2020 оны 05-р сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

Бүртгүүлэхийг хүсвэл   https://hutulbur.muls.edu.mn/ цахим хаягаар мэргэжлийн хөтөлбөр, хэрхэн бүртгүүлэх заавар, зөвлөмжтэй танилцан бүртгүүлэх боломжтой.

Мөн их, дээд сургуульд элсэгчдийн хүсэлтээр бэлтгэн гаргаж байгаа мэргэжлийн хөтөлбөр, мэргэжилтэнд олгох ур чадвар, төгсөөд ажиллах ажлын байрны чиглэл, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, гадаадад суралцах боломж, хос хөтөлбөр, оюутны хөгжил, суралцах орчин зэрэг бүхий мэдээллийг нэг дороос авах боломжтой “БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”-ийг нээн ажиллуулж байна.  Тус төв нь ажлын өдрүүдэд 10-16 цаг хүртэл ажиллаж байна. Улсын Онцгой Комиссоос хэрэгжүүлж буй журмыг мөрдөн нэг удаад хоёроос дээшгүй хүнд, халууныг нь үзэн, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийн үйлчилж байна.

Р.Батчимэг