ХААИС-ийн анхны захирал Цэвэгжавын Жамьянжавын мэндэлсний 100 жилийд ойд зориулан хүндэтгэлийн хөшөөг төрөлх сургуульд нь өнөөдөр /2021-01-22/ заллаа.
Тэрээр ХААИС-ийг МУИС-иас туурга тусгаарласан цагаас эхлэн тасралтгүй 26 жил захирлаар ажиллаж, ХАА-н салбарын боловсон хүчнийг бэлтгэх бааз суурийг бэхжүүлэх, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд залуу нас, мэдлэг боловсрол, оюун ухаанаа зориулсан юм.
Энэ эрхэм хүний мэндэлсний 100 жилийн ойд зориулан бүтээсэн хүндэтгэлийн хөшөөний нээлтэд нутгийн эрдэмтэн, МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Сан.Пүрэв болон үр хүүхдүүд, ХААИС-ийн удирдлага, ХХААХҮЯ-ны төлөөлөл оролцлоо.
ХААИС-ийн захирал Т.Хэрүүга хэлсэн үгэндээ, Энэ эрхэм хүмүүний мэндэлсний 100 жилийн ойг өнөөдөр дурсан тэмдэглэж байгаадаа баяртай байна. ХААИС-ийн хөгжлийн түүхийн эхний хуудсыг нээж, бичиглэн өнөөдрийн бидэнд хүлээлгэн өгсөн эрхэм хүндтэй хүний хийж бүтээснийг үе үеийн ХААИС-ийн оюутан залуус, төгсөгч, ажилтан бүр дурсан санаж байх үүднээс энэхүү хүндэтгэлийн хөшөөг сургуульдаа залж байна гэсэн юм.
Охин Ж.Ундармаа, Аавын маань хийж бүтээснийг сургуулийн хамт олон дурсан, нэр алдрыг нь мөнхжүүлэх, хийж бүтээснийг нь цаашид түгээн дэлгэрүүлэх сайхан арга хэмжээ зохион байгуулж, хүндэтгэлийн хөшөөг нь төрөлх сургуульд нь нээж байгаад талархаж байна гэлээ.
Мөн сургуулийн хамт олон, Цэвэгжавын Жамьянжавын төрөлх нутгийн эрдэмтэд, шавь нар нь хамтран дурсамж номыг нь өлгийдөн авахаар ажиллаж байгаа юм.