Мерси Кор Монгол нь “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” (RCP) хөтөлбөрийнхөө хүрээнд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуультай хамтран төгсөлтийн дараах “Мал эмнэлгийн бизнес хөгжил” сэдэвт цахим сургалтыг хөгжүүлж, сургалтыг эхлүүлээд байна. Энэхүү цахим сургалтын агуулга, дизайныг ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль болон Мал эмнэлгийн сургуулийн багш нар хамтран боловсруулсан бөгөөд тус их сургуулийн цахим сургалтын платформд байршуулж, цаашдын хөгжүүлэлтийг хариуцан ажиллах болно.
Энэхүү цахим сургалтын гол зорилго нь мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд нийтлэг тулгардаг хууль, эрх зүй, менежмент, санхүүтэй холбоотой мэдлэгийг олгох замаар аж ахуйгаа үр ашигтай, зөв менежменттэй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм. Улмаар мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд орлого нэмэгдүүлэх, зардлыг хэмнэх, оролцогч талуудтай үр ашигтай хамтран ажиллах замаар бизнесээ ашигтай, тогтвортой явуулахад нь дэмжлэг болно.
“Мал эмнэлгийн бизнес хөгжил” цахим сургалт нь мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эзэд, менежерүүд, малын эмч нарт зориулагдсан бөгөөд мал эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүй, стандартын шаардлагууд, бизнесийн зохион байгуулалтын хэлбэрүүд, бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүй, бизнесийн хөгжлийн асуудлууд, санхүү, татвар, даатгал зэргийг багтаасан доорх 5 модулиас бүрдэнэ. Үүнд:
Модуль 1. Мал эмнэлгийн хууль, эрх зүй;
Модуль 2. Мал эмнэлгийн үйлчилгээний бизнесийн зохион байгуулалтын хэлбэрүүд;
Модуль 3. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүй;
Модуль 4. Мал эмнэлгийн үйлчилгээний бизнесийн хөгжлийн асуудлууд;
Модуль 5. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн санхүүгийн асуудлууд;
Тус цахим сургалт нь танхимын сургалтаас ялгарах дараах онцлог давуу талуудтай. Үүнд:
Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эзэд, менежерүүд, малын эмч нарт зориулсан мал эмнэлгийн бизнес хөгжлийн цахим сургалт бөгөөд үнэ төлбөргүй.
Суралцагч нарт өөрийн хэмнэлээр, зайнаас сурах боломжийг олгосон, багшийн оролцоогүйгээр суралцах боломжтой.
Сургалт 5 үндсэн модуль, нийт 8 цагийн багтаамжтай, шаардлагатай мэдээллийн эх үүсвэрүүдтэй холбогдсон.
Сургалтын платформ нь хичээлийг бүрэн судалж, бататгах сорилуудыг өгч мэдлэгээ баталгаажуулсны дараа сургалтад хамрагдсан сертификат бэлэн болж, суралцагч өөрөө хэвлэж авах автомат системтэй.
Асуулт хариулт, хэлэлцүүлэг, нэмэлт мэдээллийн эх сурвалж, мэдлэг шалгах сорил, тухайн модультай холбоотой бусад хэрэглэгдэхүүн, багаж хэрэгслийг ашиглаж цахим сургалтыг интерактив сургалт болгож өргөжүүлэх боломжтой.
Цахим сургалтыг малын эмч нарыг чадавхжуулах төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт хэлбэрээр ашиглах ба ХААИС-ийн цахим сургалтын платформ (https://elearn.muls.edu.mn/) дээр байршуулж, цаашид тасралтгүй сайжруулалт хийж, хөгжүүлэх болно. Цахим сургалтыг одоогоор https://agri-edu.moodlecloud.com/ хуудсаар үзэж болох ба цаашид ХААИС-ийн цахим сургалтын платформд шилжүүлэн байршуулах юм.