“Биотехнологи бидний ирээдүй” эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-03-02 11:36:09

Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Биотехнологи, үржүүлгийн тэнхим, Хөдөө аж ахуйн профессорын баг хамтран “Биотехнологи бидний ирээдүй” эссэ бичлэгийн уралдааныг  ерөнхий боловсролын XII ангийн сурагчдын дунд 2021 оны 01-р сарын 05-аас 2021 оны 02-р сарын 05 хүртэлх хугацаанд онлайн хэлбэрээр зохион байгуулж, шилдэг 5 эссэг шалгаруулан өнөөдөр /2021-03-01/ шагналыг гардууллаа. Эссэ бичлэгийг шинжлэх ухаанчаар бичсэн байдал, дэвшүүлсэн санаа, шинэлэг байдал, сэдвийн зорилго, агуулга хоорондын уялдаа холбоо зэргийг харгалзан мэргэжлийн багш, судлаачид 2 үе шаттайгаар шалгаруулалтыг явуулав. Энэхүү уралдаанд 11 аймаг, 7 дүүргийн 38 сурагчид бүтээлээ ирүүлэв.

Эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байранд 92.8 оноогоор 1-р сургуулийн сурагч М.Тодбаяр,  дэд байранд 90.8 оноогоор Шинэ-Эрин сургуулийн сурагч Э.Алтаншагай, Гутгаар байранд 90.1 оноогоор 30-р сургуулийн сурагч Я.Мөнхсүлд нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Мөн тусгай байранд 84-р сургуулийн сурагч Б.Саян, 87-р сургуулийн сурагч П.Мартбаяр нар шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйл, батламжаар шагнууллаа.

Шагналыг Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, доктор О.Баатарцогт, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Гүрбазар, Биотехнологи, үржүүлгийн тэнхимийн багш нар гардуулан өгч,  сурлагын амжилт хүсээд, мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өглөө. Дэд байр эзэлсэн Э.Алтаншагай нь Биотехнологи мэргэжлийг сонгон суралцаж, ургамлын генийн инженерчлэлийн чиглэлээр судалгаа хийх хүсэлтэй байсан бол  тусгай байранд  шалгарсан Б.Саян энэ мэргэжлээр суралцан микробиологийн чиглэлээр судалгаа хийх сонирхолтой байна хэмээн сэтгэгдэлээ хуваалцав.