ХААИС, БНСУ-ын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөөгийн Хөгжлийн Удирдах Газрын харьяа КОПИА Монгол төв хамтран хэрэгжүүлдэг “Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд дасан зохицох жижиг жимст лоолийн шинэ сортуудыг нутагшуулах, түгээн дэлгэрүүлэх” сэдэвт төслийн 2 дахь удаагийн 3 жилийн төслийн гэрээнд ХААИС-ийн Ректор Т.Хэрүүга, КОПИА Монгол төвийн захирал Чой Ман Ёон, төслийн удирдагч АЭС-ийн доктор, дэд профессор Ж.Оюунгэрэл нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Анх 2018 оны гуравдугаар сараас эхний 3 жилийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 2 дахь 3 жилийн төслийг ийнхүү эхлүүлж байна.
Тус төслийг ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Таримал судлал, ой ландшафт архитектурын тэнхимийн “Биологийн нөөц таримлын технологийн хөгжил” профессорын багийн хамт олон хэрэгжүүлдэг бөгөөд төслийн зорилго нь эхний 3 жилийн үр дүнд шалгарсан БНСУ-аас гаралтай жижиг жимстэй лоолийг Монгол орны ногооны аж ахуйн салбарт түгээн дэлгэрүүлэх , шинэ техник технологийг фермерүүдэд нэвтрүүлэх гол зорилготой юм.
Дараагийн 3 жилийн хугацаанд жижиг жимстэй лоолийн сортуудыг түгээн дэлгэрүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх ажлын хүрээнд ХААИС-ийн Агропарк сургалт судалгааны төв дээр үзүүлэх талбайг бий болгох, 3-10 фермерийн аж ахуйд сортуудыг тариалж, тэдний орлого, эдийн засгийн үр ашигт дэмжлэг үзүүлэх зэрэг зорилт тавин ажиллахаар төслийн үйл ажиллагааг эхлүүлж байна.
Тус төслийн санхүүжүүлтийг БНСУ-ын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөөгийн Хөгжлийн Удирдах Газрын харьяа КОПИА Монгол төвөөс бүрэн хариуцдаг бөгөөд жил бүр 25000$ буюу 3 жилийн хугацаанд 75000$ байхаар гэрээнд тусгагдсан байна. Эхний төслийн хугацаанд (2018-2020) жил бүр 25000$ буюу 3 жилийн хугацаанд 75000$ байсан бөгөөд нийт төслийн санхүүжилт 150000$ юм. Тус төслийн хүрээнд явагдаж буй судалгаа, сургалтын үйл ажиллагааны үр дүнд шалгарсан жижиг жимстэй лоолийн 2 сортыг 2020 онд Seminis-SV7160TC, TY Candy зэрэг сортуудыг ХХААЯ-ны дэргэдэх УССА-аар “Ирээдүйтэй сортоор”батлуулсан нь төслийн гол үр дүн байсан байна.