Тус их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн дэд профессор Б.Баасанжалбуу ахлагчтай багш, судлаачдын баг Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА)-ын санхүүжилттэй “Ногоон алт-малын эрүүл мэнд” төслийн хүрээнд “Бэлчээр ашиглагчдын хэсэгт суурилсан МАА-н тогтвортой менежмент” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд ХААИС-ийн судлаачид “Бэлчээрийн Монгол малын сүргийн эргэлтийн программ”-ыг боловсруулах, туршиж хөгжүүлэх ажлыг 2019-2021 онд амжилттай гүйцэтгэсэн бөгөөд үр дүнг 2021 оны 03 сарын 10-ны өдөр ХХААХҮЯ-нд албан ёсоор хүлээлгэж өгөв.
Тус программыг мал аж ахуйн салбарт нэвтрүүлснээр бэлчээрийн Монгол малын сүргийн эргэлтийн төлөвлөлтийг Улсын хэмжээнд батлагдсан норм, норматив, стандарт үзүүлэлтүүдийн дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй, нэгдсэн арга зүйгээр боловсруулах боломж бүрдэх юм. Ингэснээр малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулах, шаардлагатай нэмэгдэл тэжээлийн хэрэгцээг урьдчилан тооцох зэрэг өргөн боломж бий болж, улмаар малаас авах ашиг шим дээшлэх, малчдын орлого нэмэгдэх ач холбогдолтой юм.
ШХА-ын санхүүжилтээр Мал аж ахуй, биотехнологийн сургууль дээр уг төслийн хүрээнд 2021 онд шинээр байгуулагдсан “МАА-н цахим сургалтын төв”-ийг түшиглэн сүргийн эргэлтийн программыг мал аж ахуйн мэргэжилтнүүд, фермерийн эздэд эзэмшүүлэх сургалтыг ХХААХҮЯ, ХААИС хамтран зохион байгуулж ажиллах юм.