БШУ-ны сайд Л.Энх-амгалан ХААИС-ийн харьяа хүрээлэнгүүдийн ажилтай танилцав

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-03-14 23:28:51

Монгол Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын засгийн газрын гишүүн, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр айлчилж, хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав. УИХ-ын гишүүн Л.Энх-амгалан сайдаар томилогдсоноосоо хойш эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцах ажлыг Хөдөө аж ахуйн салбарын хүрээлэнгүүдээс эхэлсэн нь санамсаргүй тохиолдол биш бөгөөд энэ нь Монгол орны нийгэм, эдийн засгийн тулгуур салбар болох хөдөө аж ахуйн салбарын хөгжилдд эрдэм шинжилгээний байгууллагын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол онцгой чухал байдагтай холбоотой юм.

Сайд Л.Энх-амгалан Мал эмнэлгийн хүрээлэнд айлчилж, хүрээлэнгийн удирдлага, лабораторийн эрхлэгч нар, эрдэмтэдийн төлөөлөлтэй уулзаж, хүрээлэн, судлаачдын өмнө тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, дэлгэрэнгүй ярилцав. Мөн тэрээр тус хүрээлэнгийн судалгааны лабораториудын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй судалгааны ажлын үр дүнтэй танилцав.

Тус хүрээлэнгийн судлаачдын 53 хувь нь эрдмийн зэрэг (PhD)-тэй судлаачид байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дотоод, гадаадын санхүүжилттэй 34 судалгааны төсөл хэрэгжүүлж байна. Судалгааны үр дүнгээр 2020 онд 25 эрдэм шинжилгээний өгүүллийг IF бүхий сэтгүүлд нийтлүүлсэний зэрэгцээ шүлхийн вакцины технологи боловсруулж, Биокомбинат УТҮГ-т шилжүүлж, үйлдвэрлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.

Сайд Л.Энх-амгалан тэмдэглэхдээ Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаачид Малын эрүүл мэндийг хамгаалах, малыг эрүүлжүүлэх чиглэлээр багагүй судалгаа гүйцэтгэж, олон арван эм, бэлдмэлийн технологи, эмчилгээний  арга боловсруулж, баталгаажуулсан байгаа нь сайшаалтай. Харамсалтай нь эдгээр мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн хэрэглээ болж, эдийн засгийн эргэлтэнд орж, малыг эрүүлжүүлэх, малаас авах ашиг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгөхгүй байна. Үүний гол шалтгаан, шийдвэрлэх арга зам, гарцыг хамтдаа хайж, шийдлийг олох нь чухал гээд, энэ талаар судлаачидтай илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч, нөхөрсөг халуун яриа өрнүүлэв. Судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах, бизнес төлөвлөгөө, загвар боловсруулах, хөрөнгө оруулагчдыг татах тал дээр онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлага байгааг онцлоод энэ тал дээр сайдын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн болно. Мал эмнэлгийн хүрээлэнгийн хувьд судалгааны үр дүнд бий болсон, малыг эрүүлжүүлэх эм, бэлдмэлийн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр Биокомбинат УТҮГ-тай нягт хамтарч ажиллаж, үйл ажиллагааг уялдуулах хэрэгцээ зүй ёсоор урган гарч байна.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс үндэсний хэмжээний хүрээлэнгүүддээ, Улс орны өмнө тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх тодорхой даалгавар өгч, үр дүн хариуцуулж, бий болгосон үр дүнд тулгуурлан санхүүжүүлэх чиглэл барих болно гэдгийг онцлов.

Сайд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн статус, засаглалыг оновчтой болгох, Эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг шийдлээ хүлээсэн асуудал олон байгааг тэмдэглэж байв. Тэргүүлэх хүрээлэнгүүдийн хувьд корпорацын засаглалтай болсноор судалгааны ажлын үр дүнг зах зээлийн зарчмаар бодитой хүртэх боломж үүсэх юм гэдгийг онцолж байлаа.

Эцэст нь сайд Л.Энх-амгалан тус хүрээлэнгийн судлаачдын хувьд олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны сайн үр дүн гаргаж байгаагын зэрэгцээ Монгол малыг эрүүлжүүлэх эм бэлдмэлийн технологи боловсруулж баталгаажуулах, хүнсний баталгаат, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж, хүрээлэнгийн хамт олонд амжилт хүсэв.

Дараа нь сайд Л.Энх-амгалан тус сургуулийн харьяа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав. Тус хүрээлэнгийн захирал, дэд профессор М.Бямбасүрэн хүрээлэнгийн үндсэн чиг үүрэг, судалгааны ажлын тэргүүлэх чиглэл, улс орны болон үндэсний аюулгүй байдалд гүйцэтгэх үүрэг, хэрэгжүүлж буй судалгааны ажлын үндсэн үр дүн болон тулгамдаж буй асуудлын талаар товч танилцуулга хийв. Хүрээлэнгийн судлаачдын хувьд бэлчээр, ойн нөөцийг хомсдуулах, таримлын ургацыг хязгаарлагч гол хүчин зүйл болох ургамлын  өвчин, хог ургамал, хортон шавьж, хөнөөлт мэрэгчтэй биотехнологийн аргаар тэмцэх, байгальд ээлтэй, ногоон технологи боловсруулах, нутагшуулах чиглэлээр тодорхой үр дүнд хүрсэн байна.

Судлаачдын судалгааны ажлын орон нутагт ажиллах томилолтын зардал одоогоор 12 000 төгрөг байгааг нэмэгдүүлэх, лаборантын орон тоог бий болгох, Ковид-19 тархалттай холбоотой  царцаасан судалгааны төслийн 2020 санхүүжилтийг шийдвэрлэх, лабораторийн багаж, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний зардлыг олгодог болох зэрэг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн өмнө тулгамдаж буй нийтлэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг сайдаас хүсэв. Сайд эдгээр асуудлыг шийдвэрлэх талаар анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв. Хэрэгжүүлж буй судалгааны төслийн 2020 онд царцаасан санхүүжилтыг ойрын хугацаанд олгохоор шийдвэрлэж буйгаа мэдэгдэв.

Тэрээр тус хүрээлэнгийн судалгааны зарим лабораторийн үйл ажиллагаатай болон инновацын бүтээгдэхүүний дээжтэй биечлэн танилцаж, сонирхсон асуултандаа хариулт авч байлаа. Тухайлбал: Үлийн цагаан оготны тархалтыг хязгаарлах боломж байгаа эсэх, түүний бэлчээрт үзүүлж буй үр нөлөөний талаар судалгааны үр дүн байдаг эсэх талаар сонирхож, хариултыг авч байв.

Тус хүрээлэн нь стратегийн чухал ач холбогдолтой, хүнсний аюулгүй байдалд онцгой үүрэг хүлээсэн байгууллага боловч одоог хүртэл өөрийн гэсэн байргүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд хүрээлэнгийн байрны зураг, төсөл, газрын асуудал шийдэгдсэн байдаг ба байр бариулах асуудлыг Улсын төсөвт суулгаж, шийдвэрлэж өгөхийг сайдаас хүсэв. Сайд, асуудлыг шийдвэрлэх талаар анхаарал хандуулж ажиллах болно гэв.

Салбарын судлаачдын хувьд сайд Л.Энх-амгаланг ХААИС-ийн харьяа хүрээлэнгүүд дээр биечлэн ирж, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, ажилласанд талархаж буйгаа, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, хүрээлэнгийн удирдлага, судлаачид санал нэгтэй илэрхийлж байв.

Сайд ирэх 7 хоногт Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн дээр хүрэлцэн ирж ажиллах юм.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН АЛБА