“Усан орчин хамгаалал, менежмент” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийтлэгч : .
Огноо: 2020-11-26 05:54:37

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимээс санаачлан ”Усан орчин хамгаалал, менежмент” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2020-11-06/  Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгууллаа. Усан орчны чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож, тус салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид усан орчныг хамгаалахад ямар нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай талаар ярилцлаа.

БОАЖЯ-ны Усны газрын дарга Ш.Мягмар, Усны асуудал манай улсын төдийгүй, дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг болсон. Иймээс төр засгаас сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч өнгөрсөн жил Усны агентлагийн байгууллаа. Мөн Монгол улсын хэмжээнд 3691 усны чиглэлийн мэргэжилтэн бий. Цаашид  энэ тоог нэмэгдүүлэх, залгамж халааг бэлтгэх шаардлагатай байна гэлээ.

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар, Усны салбарт тулгамдаж байгаа асуудлыг цогцоор нь судалж, усан орчныг хамгаалах нэгдсэн менежмент ямар байх вэ гэдгийг тодорхойлоход энэ хурал чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Судлаачид цаг уурын өөрчлөлт, хуурайшилт, усны зохисгүй ашиглалт, мал сүргийн өсөлт, хууль эрх зүйн орчны тогтолцоо, тогтворгүй байдал зэрэг олон хүчин зүйлс усан орчны хамгааллын асуудалд сөргөөр нөлөөлж байгааг дурдлаа.  Иймээс хууль эрх зүйн орчныг тодорхой, боловсронгуй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нэгдсэн зөв менежмент хэрэгтэйг онцлов.

Тухайлбал, МУИС-ийн дэд профессор Ш.Баранчулуун, докторант Б.Амартайван нарын Ганга нууранд хийсэн судалгаагаар дулаарал, хуурайшилтын нөлөөгөөр усны ууршилтын эрчим нэмэгдэхийн зэрэгцээ, элсний нүүлтийн үйлчлэлээр ёроолийн хагшаасны  түвшин өргөгдөж байгаагаас усны эзлэхүүн хоёр талаасаа шахагдсан. Үүнээс үүдэн усны гүн багасч, том талбайд нимгэн үеэр тархсан ус наранд халснаар усны ууршилтыг эрчимжүүлж байна гэж дүгнэжээ. Иймээс тус нуурын ширгэлтэд уур амьсгалын дулаарал, элсний нүүдэл гол нөлөө үзүүлж байгааг онцолжээ.

Энэ мэтээр тус хуралд ХААИС, МУИС, ШУТИС, МУБИС, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн зэрэг сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачдын 26 илтгэлийг хэлэлцүүлж, усны салбарын тулгамдсан асуудлаар эрдэмтэн судлаачид, ярилцлаа. Хурлаас нэгдсэн зөвлөмж боловсруулан харьяа яам, бодлого тодорхойлогчдод хүргэх юм.

БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Гидробиологи, загас судлалын лаборатори хурлын хамтран зохион байгуулагчаар ажиллаж, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон-Алт малын эрүүл мэнд төслөөс санхүүжүүлсэн юм.