ДОКТОР, ПРОФЕССОР Б.СУМЪЯАБААТАР “ЧИНГИС СУДЛАЛ БА ОРЧИН ҮЕ” СЭДЭВТ ЛЕКЦ УНШИВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-11-06 08:22:45

Эрдэм шинжилгээ, инновацийн албанаас “Шинэ үе-Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” нээлттэй лекцийг цувралаар зохион байгуулдаг билээ.  Өнгөрсөн лхагва гаригт /2020-11-04/ Хэл зүйн шинжлэх ухааны доктор, профессор Б.Сумьяабаатар “Чингис судлал ба орчин үе” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн юм.  Энэ удаагийн лекцийг Экосистемийн судалгааны төвөөс зохион байгууллаа.

Хэл зүйн шинжлэх ухааны доктор, профессор Б.Сумъяабаатар Монгол бахархал гэж юу вэ, бид юугаар бахархах ёстой болон Чингис судлал Монголд  хэрхэн хөгжиж байгаа талаар лекц уншсан юм. Тухайлбал Чингисийн Монгол яагаад хүчирхэг байсан тухайд, төрийн бодлого нь нягт, түшээд нь агуу байсан учраас Монголчууд нэгдэж бас дэлхийг нэгтгэж байсан. Бид олон зуун жилийн бичиг, соёлын түүхтэй. Солонгос  улсад 1060 онд хөлгөн судар илгээж байсан бол 1314 онд Монголын хаан 17 мянган дэвтэр, 4371 боть ном бүхий номын санг бэлэглэж байсан түүх бий.  Мөн 1025 жилийн өмнө Солонгосоос 10 хүүхэд монгол хэл сурч, эрдэм ном сурахаар ирж байсан зэрэг түүх нь бид эртнээс бичиг, үсгийн боловсролтой оюунлаг ард түмэн байсныг гэрчилнэ.

Үүний зэрэгцээ 1294 онд Монгол малчин гадаадад мал маллах арга ухааныг заахаар томилогдож байсан зэрэг нь бид гадаадаас туршлага судалдаг биш зааж сургадаг байсныг тодотгох баримт гэсэн юм. Энэ мэт эх түүхээ мэдэх, түүнийг түгээн дэлгэрүүлэх, бахархах, хойч үедээ өвлүүлэх талаар сонирхолтой илтгэлийг ХААИС-ийн багш, оюутан, судлаачдад танилцуулсан юм.