Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан, Хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг спортын 4 төрөлт тэмцээн 2020 оны 10 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Дархан хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн тэмцээн анх удаа орон нутагт буюу Дархан хот дахь ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнг түшиглэн зохион байгуулагдлаа. Тус хүрээлэнгийн удирдлага, хамт олон уг тэмцээнд ач холбогдол өгч, шударга өрсөлдөөнтэй зохион байгуулсанд салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд, тамирчдын сэтгэгдэл өндөр байв.
Тэмцээнд салбарын эрдэм шинжилгээний 5 байгууллагын 100 гаруй тамирчид, спортын 4 төрөл (волейбол, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис)-өөр ур чадвараа сорьсон бөгөөд тэмцээн маш өрсөлдөөнтэй болж, тэмцээний нийлбэр дүнгээр Ургамал, газар тариалангийн хүрээлэн 9 оноогоор нэгдүгээр байр, эзэлж, шилжин явах цом, 1 тонн улаан буудайн элит үр буюу 1200 000 төгрөгөөр шагнагдсан бол хоёрдугаар байрыг 17 оноогоор Мал эмнэлгийн хүрээлэн эзэлж, 1 тонн элит үрийн төмсөөр, гуравдугаар байрыг мөн 17 оноогоор Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн эзэлж, 100 ширхэг жимсний суулгацаар шагнуулсан байна.
Уг 4 төрөлт тэмцээнийг зохион байгуулахтай холбогдсон бүх зардал болон шагналын санг салбарын хүрээлэнгүүдээс анх удаа санаачлага гарган Ургамал, газар тариалангийн хүрээлэн хариуцан ажилласанд ХААИС-ийн Эрдмийн хамт олон талархаж байгаагаа илэрхийлж байв.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН АЛБА
ХААИС-ИЙН ХАРЬЯА УРГАМАЛ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХҮРЭЭЛЭН