С.Баттуяа: Үйлдвэр-сургуулийн түншлэлийн төв байгуулах мөрөөдөл бий

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-12-24 10:57:07

ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хөдөө аж ахуйн Инженерийн тэнхимийн багш С.Баттуяа БНСУ-ын Политехникийн их сургууль (Korea Polytechnic University)-д "Робот техник ба ухаалаг удирдлагын систем" мэргэжлээр (Major in Robotics and Intelligent control System) ) Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан юм. Тус сургууль нь БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яамны харьяанд чадварлаг инженерүүдийг бэлтгэх зорилгоор 1997 онд байгуулагдсан, 15,000 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрлэлийн цогцолборын төвд байрладаг ба төгсөгч бүр нь ажлын байраар хангагддагаараа онцлогтой тэргүүлэх сургуулийн нэг юм. Энэ сургуульд докторын зэрэг хамгаалсан анхны гадаад төгсөгч С.Баттуяатай судалгааных нь ажлын онцлог, тухайн салбарын хөгжлийн чиг хандлагын талаар ярилцлаа.

-Юуны өмнө сургуулиа амжилттай төгссөнд баяр хүргэе. Судалгааныхаа ажлын  талаар товч танилцуулахгүй юу?

- Баярлалаа. Миний судалгааны ажлын зорилго нь өртөг багатай хэт улаан туяаны зайн мэдрэгчийг ашиглан Лидер роботын байрлалыг оновчтой зөв илрүүлэхэд чиглэгдсэн. Энэ судалгааны үр дүнд Фолловер робот нь Лидер роботын байршил хоорондын зай болон өнцгийг зөв тодорхойлохоос гадна дагаж явахдаа өгөгдсөн зай болон өнцгөө хэвээр нь хадгалах боломжтойг баталсан.

Судалгаанд хоёр ширхэг ижил хийцтэй хөдөлгөөнт робот (Mobile Robot) ашигласан бөгөөд нэг нь Лидер Робот, нөгөө нь Фолловер робот юм. Хөгжүүлж байгаа хөдөлгөөнт робот нь зах зээлээс хялбархан олж болох хямд үнэтэй эд ангиудыг ашиглан лаборатори болон туршилтын талбайд хурдан угсрах боломжтой, овор багатайгаар зохион бүтээснээрээ давуу талтай юм.

-Энэ чиглэлийн судалгааны өнөөгийн хөгжлийн талаар товч танилцуулахгүй юу?

- Лидер-Фолловер систем нь хэд хэдэн роботуудын өөрийгөө удирддаг системийг хооронд нь холбож бөөн, олон тооны роботууд нэгдсэн зорилгын төлөө хамтран ажил гүйцэтгэх Сварм робот (Swarm robot)- ын хамгийн энгийн хэлбэр бөгөөд энэ талаарх судалгаанууд сүүлийн жилүүдэд эрчимжсээр байна. Сварм роботын хамгийн энгийн жишээ бол Amazon-ийн дэлхий даяар онлайн худалдааны гүйцэтгэлийн ажлыг нугалдаг бүтээгдэхүүн ялгах, хуваарилах, тээх роботуудыг хэлж болно.

Лидер-Фолловер робот систем дэх Фолловер робот нь Лидер роботын байршлыг оновчтой зөв илрүүлэх үүрэгтэй. Гэхдээ өмнөх судалгааны ажлуудад өндөр үнэтэй зайн мэдрэгч ашиглах болон туршилт хийхгүйгээр компьютер симуляци хийсвэр орчинд ашигласан тохиолдол олон байдаг. Гэвч Лидер-Фолловер роботоор өртөг багатай хэт улаан туяаны зайн мэдрэгчийг ашиглан Лидер роботын байрлалыг оновчтой зөв илрүүлэх аргын талаарх судалгаа олон биш юм.

- Судалгааны үр дүн нь ХАА-н салбарын ирээдүйн хөгжилд ямар нөлөө үзүүлэх боломжтой вэ?

-Энэ судалгааны ажлын үр дүнг цаашид улам бүр хөгжүүлэн бүхий л салбарт ашиглах боломжтой. ХАА-н салбарт гэвэл хөрс боловсруулахаас эхлээд тариалалт, хураалт гэх мэт бүхий л шат дамжлагыг хүний оролцоогүй ухаалаг технологиор хийж, бүтээх боломжийг технологийн хөгжил бидэнд олгож байна. Ингэсэнээр үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цаг хугацааг хэмнэх гэх мэт олон давуу талтай юм.

Сүүлийн үеийн ухаалаг ХАА-н машин тоног, төхөөрөмжийг хувийн хэвшлийн компаниуд оруулж ирж байгаа нь сайшаалтай ч тэдгээр тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх  нь дутагдалтай байна. Иймээс энэ чиглэлийн орчин үеийн ХАА-н мехатероникийн сургалт, судалгааны лабораториудыг байгуулах боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарах шаардлагатай гэж боддог.

-Сурч байх хугацаандаа хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлж хэд хэдэн олон улсын төсөлд бэлтгэж байсан гэж сонссон. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Хоёр их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд ХААИС-ийн дэргэд мехатроник инженерийн тэнхим болон үйлдвэр-сургуулийн түншлэлийн  төв байгуулах төслийн санал боловсруулан оролцож байсан. Энэ нь БНСУ-ын Боловсролын Яамнаас хөгжиж буй хөрш зэргэлдээх орнуудтай хөгжлийн загвар, туршлагаасаа хуваалцах үйл ажиллагааны хүрээнд зарладаг төсөл юм. Олон улсын хамтын ажиллагаатай тэргүүлэх их сургуулиудын дунд  энэхүү төслийг хэрэгжүүлдэг бөгөөд, тухайн орны боловсон хүчний чадавхийг сайжруулах, бааз суурийг бэхжүүлэх замаар дээд боловсролын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой. Төслийн сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлын хүрээнд хоёр их сургуулийн удирдлагуудын уулзалтыг Монголд 3 удаа, Солонгост 1 удаа удирдан зохион байгуулсан. Гэхдээ энэ төсөл хараахан хэрэгжээгүй ч цаашид улам сайжруулан хамтран ажиллах боломжтой. Үүний зэрэгцээ БНСУ-ын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны харьяа Сэжун Институт Сангийн СЭЖҮН хэл, соёлын төвийг Дархан-Уул аймагт байрлах ХААИС-ийн харьяа УГТХ-ийн Агроэкологи бизнесийн сургуулийг түшиглэн нээж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

-Хэл, соёлын төвийнхөө үйл ажиллагааг товч танилцуулбал...?

- Сэжүн хэл, соёлын төв нь дэлхийн 66 оронд салбартай бөгөөд солонгосын хэл, соёлтой танилцах, солонгос улсад бакалавр болон ахисан түвшний боловсрол эзэмших хүсэл сонирхолтой хэн бүхэнд тусалж, тэднийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлдэг байгууллага юм. Сэжун Институт Сангийн дэмжлэгтэйгээр БНСУ-ын Политехникийн Их сургууль болон ХААИС-ийн хамтран хэрэгжүүлж буй "СЭЖҮН Солонгос хэл, соёлын сургалтын төв" төсөл нь анхны элсэлтээ авч, 10 дугаар сарын 26-аас (10 долоо хоног) хичээлээ эхлүүлсэн. Сургалт үнэ төлбөргүй, СОЛОНГОС ХЭЛ, СОЛОНГОСЫН СОЁЛ, БИЗНЕСИЙН СОЛОНГОС ХЭЛ гэсэн үндсэн гурван ангиар хичээллэдэг. Нэг анги нь 15 хүүхэдтэй бөгөөд хичээлийг БНСУ-ын Политехникийн Их Сургуулийн солонгос хэл судлалын мэргэжлийн багш нар Онлайнаар ZOOM App ашиглан удирдан зохион байгуулж байна.

- Ухаалаг технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, тэнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх ажил хоцрогдож байгаа тухай ярьсан. Хөгжүүлэх боломж юу байж болох вэ?

- Бид технологийн хурдацтай өөрчлөлтийн эрин болох Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай хөл нийлүүлэн алхаж байна. Тиймээс шинжлэх ухаан нь үйлдвэрлэлийн салбарынхаа өмнө явах ёстой. Ингэхийн тулд багш нараа чадавхжуулах, лабораторийн орчин нөхцөлийг сайжруулах хэрэгтэй. Их дээд сургууль болон аж ахуй нэгж байгууллагуудын технологийн хамтын ажиллагаа, хамтарсан судалгаа, оюутны дадлага, туршилт, судалгааны тоног төхөөрөмжийн нэгдсэн ашиглалт зэргийг хамтарч хийх хэрэгтэй юм. Тиймээс дээр дурдсан үйлдвэр-сургуулийн түншлэлийн төв байгуулах төслийн загварыг ажил хэрэг болгон Монголдоо, сургуульдаа нэвтрүүлэн хэрэгжүүлэх юмсан гэсэн мөрөөдөлтэй явдаг.

Тухайлбал, ХАА-н Мехатроникийн инженерчлэл, сургалтын чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх хэрэгтэй. ХААИС-д мехатроник инженерийн тэнхимийг шинээр байгуулах болон сургалтын мэргэжлийн хөтөлбөр боловсруулах, үйлдвэрлэлийн процессыг автоматжуулах, ухаалаг ферм болон бусад салбарт ажиллах чадвартай практик инженерээр хангах, ХАА-н Мехатроник Инженерийн мэргэжилтэн бэлтгэх, эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийг хослуулан, нэвтрүүлэх гэх мэтээр цогцоор нь хөгжүүлэх олон зүйл бий.

21-р зууны мэдлэгт суурилсан үйлдвэрлэлийг удирдан авч явах бүтээлч, чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд багаас нь мэргэжлийн чиг баримжаа олгох, зорилготой суралцагчдын эгнээг өргөжүүлэх нь суурь алхам гэж болно. Энэ зорилгоор 2019 онд “21-р зууны багш та өөрчлөлтийг хүлээн авахад бэлэн байна уу?” сэдэвт багшийн хөгжлийн сургалтыг Төв, Хэнтий аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн нийт 300 гаруй багшийг оролцуулан зохион байгуулсан. Энэ нь багш, арга зүйч нартай мэдлэг, мэдээллээ хуваалцаад зогсохгүй тэднээр дамжуулан суралцагч, дүү нартаа хүргэх зорилготой байсан. Цаашид ч энэ ажлаа үргэлжлүүлнэ гэж бодож байгаа.

Р.Батчимэг