Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах замаар бэлчээрийг сайжруулах нь

Нийтлэгч : .
Огноо: 2021-06-10 13:04:04

сэдэвт САТРЕПС төслийн Удирдах хорооны хурал боллоо

  Япон улсын SATREPS (Тогтвортой хөгжлийн шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хөтөлбөр)-ийн хүрээнд Японы шинжлэх ухаан, технологийн агентлаг (JST)-ын санхүүжилтээр “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах замаар бэлчээрийг сайжруулах нь” сэдэвт төсөл 2020 оны 7 дугаар сараас 5 жилийн хугацаатай Монгол Улсад хэрэгжиж байгаа билээ. Уг төслийн толгойлох байгууллагаар МУИС, Токиогийн их сургууль ажиллаж байгаа бөгөөд хэрэгжүүлэгч байгууллагаар МУИС-иас гадна ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв (проф. Ж.Ундармаа), Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн (ЭШТА, доктор Г.Удвал), Мал эмнэлгийн хүрээлэн (ЭНБД, доктор Ц.Бямбажав)-ийн судлаачид оролцож байна. Тус төслийн Удирдах зөвлөлийн хурал 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр танхимын болон цахим хосолсон хэлбэрээр МУИС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралд Удирдах зөвлөлийн дарга, БШУЯ-ны Шинжлэх ухааны газрын дарга С.Мөнхбат, Удирдах зөвлөлийн гишүүд, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх, ШУТС-ийн захирал М.Тунгалаг, МУИС-ийн дэд захирал Ч.Лодойравсал, ХААИС-ийн дэд захирал Г.Гантулга, төслийн Монгол талын удирдагч Ж.Батхүү, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дарга Э.Тамура, төслийн Япон талын удирдагч Т.Асами нар оролцов. Хуралд мөн ЖАЙКА, Япон Улсын Элчин сайдын яам, Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг, 2 талын судлаачид, төслийн ажлын албаны хүмүүс байлцав.

Хурлыг нээж, Удирдах зөвлөлийн дарга С.Мөнхбат үг хэлэв.
Монгол орны байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон бэлчээрийн мал, бэлчээрийн ургамлын хоорондын харилцан шүтэлцлийг,  түүхэн хөгжлийн явцад бүрэлдэн бий болсон амьд судалгааны объект дээр хийж буй нь уг судалгааны төслийн онцлог юм. Ингэснээр бэлчээрийн мал, ургамлын үнэ цэнэ нэмэгдэж, олон тулгуурт эдийн засгийг бий болгох төр засгийн бодлого хэрэгжихэд энэ төсөл зохих хувь нэмрээ оруулах болно. Монгол орны өвөрмөц онцлог бүхий судалгааны объект, Япон улсын шинжлэх ухаан, технологийн өндөр ололт амжилтыг хослуулснаар уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн давуу талыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоох боломж бүрдэнэ гэж найдаж байна. 

Дараа нь төслийн Монгол талын удирдагч Ж.Батхүү төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 1 жилийн хугацаанд гүйцэтгэсэн судалгааны ажлын явц, үр дүн, дараагийн жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан юм. Тэрээр хурдан соёолох чадвартай, давс, ган, хүйтэн, хурц гэрэл зэрэг гадаад орчны стресст тэсвэртэй бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамал илрүүлэх зорилтын хүрээнд  Саваан булган сүүл нь хурдан соёолох болон хэнзлэх (нөхөн төлжих) чадвар сайтай нь нотлогдож, түүнд агуулагдах нийт генийн хэмжээг тогтоож, үр дүнгээр нь олон улсын сэтгүүлд 1 өгүүлэл хэвлүүлсэн. 
Функционал шинж чанар бүхий малын тэжээлийн ургамал илрүүлэх, тэдгээрийг малын эрүүл мэндийг хамгаалахад ашиглах боломжийг судлах зорилтын хүрээнд хэд хэдэн ургамлын химийн найрлага-биологийн идэвхи хоорондын хамаарлын судалгааг гүйцэтгэж, үр дүнгээр нь олон улсын сэтгүүлд 3 өгүүлэл хэвлүүлсэн. Яргуй, шарилжны ямаанд үзүүлэх нөлөөг судалсны үндсэн дээр тэдгээрийг ашиглан тамир оруулах болон тарга хүч тогтоох бэлдмэлийн жор зохиогоод байна. Цаашид Саваан булган сүүлийн орчны стресст тэсвэрлэх чадварыг нөхцөлдүүлэгч генийг олж илрүүлэх, хурдан соёололттой болон функционал ургамлуудын химийн найрлага, биологийн идэвх, генийн судалгааг нарийвлан гүйцэтгэх, малын тэжээлийн ургамлын талаарх уламжлалт  болон орчин үеийн мэдлэгийн сан бий болгох эхлэлийг тавих зэрэг ажлыг үргэлжлүүлэн хийх болно гэв.

Төслийн Япон талын зохицуулагч К.Минами төслийн хүрээнд одоогоор МУИС-д 490.0 сая төг. ХААИС-ийн Экосистемийн судалгааны төвд 403.0 сая төг. МААЭШХ-д 152.0 сая төг. МЭХ-д 102.5 сая төг, нийт 1.44 тэрбум төгрөгийн үнэ бүхий судалгааны багаж, тоног, төхөөрмж нийлүүлэгдээд байгаа бөгөөд, тэдгээрийн суурилуулалт, ашиглалттай холбоотой мэдээлэл өгөв. 
Удирдах зөвлөлийн гишүүн, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх “Манайд гаднын олон төсөл хөтөлбөр хэрэгждэг ч түүнийг нь цааш улам боловсронгуй болгож, залгамжлаад хэрэгжүүлээд явах тогтвортой байдлыг нь Монголын тал хангах ёстой, харамсалтай нь одоогоор тийм зүйл алга, гадаадтай хамтарсан төсөл, хөтөлбөрийн хугацаа дуусахад түүний үр дүн бас дуусаж байна. Иймд бид энэ төслийг тийм болгохгүйн тулд одооноос анхаарах хэрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэж байв.
Төслийн Япон талын удирдагч, Токиогийн их сургуулийн профессор Т.Асами “Монгол Улс өөрийн орны өвөрмөц  онцлогт тулгуурласан суурь судалгааны чиглэлтэй болох, түүндээ түшиглэн улс орныхоо өмнө тулгарч буй асуудлаа шинжлэх ухааны үндэслэлтэй шийддэг болоход манай энэ төсөл зохих хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” гэв.

Эрдэм шинжилгээ, инновацын алба