Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, БНСУ-ын Политехникийн Их Сургуулийн хамтран эхлүүлсэн, Сэжүн Хагдан Солонгос хэл, соёлын төвийг хөгжүүлэх төсөл Солонгосын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны харьяа “Сэжүн институт сан”-ийн үнэлгээнд тэнцэж, цаашид үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх албан ёсны зөвшөөрөл авлаа.
Сэжүн Хагдан Солонгос хэл, соёлын төвийн хөтөлбөр ХААИС-ийн харьяа Дархан хот дахь Агроэкологи Бизнесийн Сургуулийг түшиглэн хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд гурван түвшний 10 долоо хоногийн сургалтыг хоёр удаа туршилтын журмаар үнэ төлбөргүй зохион байгуулсан юм. Тус төвийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжилснээр Дархан хотод сурч, ажиллаж, амьдарч буй хүүхэд, залуучууд дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулдаг Сэжүн институтын хэл, соёлын төвийн хичээлийн нэгдсэн хөтөлбөрөөр Солонгос хэл, соёлыг мэргэжлийн солонгос багш нараар заалгах юм. Мөн Сэжүн институтын зохион байгуулдаг бусад хөтөлбөр, үйл ажиллагаанд хамрагдах боломж нээгдлээ.
БНСУ-ын Политехникийн их сургуулийн захирал Пак Гон Су “Хоёр их сургуулийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж буйд талархаж байгаагаа илэрхийлээд цаашид СЭЖҮН ХЭЛ, СОЁЛЫН ТӨВ-ийг хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж, туслах болно” гэжээ.
Дашрамд дурдахад тус сургууль нь Сэжүн институт сангийн дэмжлэгээр Камбожийн Паннасастра их сургуультай 2015 оноос дээрх төслийг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын ХААИС нь хоёр дахь төслийг хамтран хэрэгжүүлэгч сургууль болж байна.