МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ БОЛНО

Нийтлэгч : О.Мөнхжаргал
Огноо: 2021-07-02 13:56:53

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ

Хөдөө аж ахуйн их сургуулийн үе үеийн удирдлага, профессор багш, судлаачдын шаргуу тууштай хөдөлмөр, сургалт, судалгаа, гадаад, дотоодын тогтвортой хамтын ажиллагааны үр дүнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж 4,4 тэрбум воны санхүүжилтээр “Veterinary Medical Capacity Enhancement in Ulaanbaatar, Mongolia” олон улсын хамтарсан төсөл хэрэгжихээр боллоо. Нээлтийн арга хэмжээнд БШУЯ, ХХААХҮЯ, БНСУ-ын ЭСЯ, Копиа Монгол төв болон бусад төр захиргааны байгууллагууд ач холбогдол өгч оролцон сургалт-судалгаа инновац-үйлдвэрлэлийг хослуулах, ХААИС-ийг шинжлэх ухаан, технологийн цогцолбор байдлаар хөгжүүлэхэд бодлогоор дэмжихээ илэрхийлэв. Энэхүү төсөл хэрэгжсэнээр олон улсын жишигт нийцсэн Мал, амьтны эрүүл мэндийн төв байгуулах; Хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх; Орон нутагт сургалт, семинар зохион байгуулах зэргээр үр дүн гарах юм. Төслийг батлуулан хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж буй Захирал Т.Хэрүүга, Мал эмнэлгийн сургуулийн захирал А.Гомбожав, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал О.Баатарцогт болон төслийг анх санаачилсан Мал эмнэлгийн сургуулийн профессор П.Ням-Осор тэргүүтэй судлаач багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье.