Аялал жуулчлалын чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохион байгуулагддаг аялал жуулчлалын улсын олимпиадын 2 дахь тэмцээн болох “Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ХААИС-ийн Хатан туул театрт явагдлаа. Хуралд 10 их сургуулийн 13 оюутан судалгаа шинжилгээний ажлаа танилцуулав. Хурлыг “Happy city group” компанийн аялал жуулчлал эрхэлсэн захирал Д.Мөнхтөмөр ерөнхий шүүгчээр, БОАЖЯ-ын Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Болормаа, “Манжуурын аялал” компанийн захирал Э.Хишигбаяр, “Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Жавхлан нар шүүн явууллаа.
Оюутны эрдэм шинжилгээний хуралд 74 оноогоор Их засаг их сургуулийн оюутан М.Цэрэндуламын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй аялал жуулчлалыг төлөвлөх нь” сэдэвт илтгэл, 2-р байранд 72 оноогоор Монголын үндэсний их сургуулийн оюутан Б.Марал, М.Энэрэл нарын “Цайны их замын аялал жуулчлалыг хөгжүүлснээр оролцогч талуудын хүртээмжтэй өсөлтийг хангах боломж /Замын-Үүд боомт түшиглэсэн “Цайны замын аялал жуулчлалын цогцолбор”-ын жишээн дээр/” илтгэл шалгарсан бол 3-р байранд 65 оноогоор Сити их сургуулийн оюутан Б.Сайхандэлгэрийн “Аялал жуулчлалын салбарт хүртээмжтэй өсөлтийг хангахад агаарын тээврийн салбарын үзүүлэх нөлөө” илтгэл тус тус шалгарлаа.
Энэ удаагийн оюутны эрдэм шинжилгээний хурал нь Дэлхийн аялал жуулчлалын өдрийн уриа болох “Tourism for inclusive Growth” сэдэвт чиглэгдэж агаарын тээвэр, авто зам, төмөр зам, үйлчилгээний байгууллага зэргийн аялал жуулчлалын хүртээмж, цар тахлын дараах аялал жуулчлалын чиг хандлага болон тусгай хэрэгцээт иргэдийн аялал жуулчлалыг төлөвлөсөн байдал гэх мэт өргөн хүрээнд боллоо. Олимпиаддаа идэвхтэй оролцож байгаа оюутнууддаа дараа дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүсье.
Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхим