Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс /БМИҮЗ/ тус сургуулийн зарим мэргэжлийн хөтөлбөрүүдэд магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардуулах үйл ажиллагааг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Багшийн хөгжлийн төв”-д зохион байгууллаа. Энэ үеэр БМИҮЗ-ийн Ажлын албаны дарга О.Янжмаа танилцуулга хийж, магадлан итгэмжлэлийн гэрчилгээг сургуулийн удирдлага, төлөөлөгчдөд гардуулан өгөв.
Хөдөө аж ахуйн их сургуулийн Малын эмнэл зүй, Агрономын хөтөлбөрүүд БМИҮЗ-ийн шаардлагыг хангаж, магадлан итгэмжлэгдлээ. Мал эмнэлгийн сургуулийн Бакалаврын Малын эмнэл зүй хөтөлбөр нь 2004, 2013 онуудад тус тус магадлан итгэмжлэгдсэн юм.
Харин Агрономын магистрын хөтөлбөр нь анх удаа магадлан итгэмжлэгдлээ. Мөн Агроэкологийн сургуулийн Ландшафт архитектур, Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээ хөтөлбөрүүд магадлан итгэмжлэлд орж байгаатай холбогдуулан магадлангийн ажлын хэсэг, шинжээчийн баг тус сургуульд ирж ажиллалаа. Тухайн хөтөлбөрийн багш нар шалгуур үзүүлэлтийн дагуу материалаа бэлтгэж, ажлын хэсгийн шинжээч нарт амжилттай танилцууллаа.