Сургалтын бодлого зохицуулалтын албанаас мэргэжлийн тэнхимүүдийн дунд нээлттэй хаалганы өдөрлөгийг цуврал байдлаар зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд Суурь боловсролын төвийн Хүмүүнлэгийн ухааны тэнхим нь сургалт, судалгаа, олон нийтийн чиглэлээр зохион байгуулж буй ажлын туршлагаа хуваалцаж, цаашид мэргэжлийн багш нартай хамтран хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, судалгаа хийх, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, гадаад хэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх зэргээр багш, оюутны хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллах зорилготой байгаагаа илэрхийллээ.
Уг өдөрлөгт ХААИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал, доктор Р.Чанцалдулам, Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга Б.Лхагвадорж, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга, Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, тэнхимийн эрхлэгч нар, АНУ-ын элчин сайдын яамны Англи хэлний хөтөлбөрийн зохицуулагч Т.Алтанцэцэг нар оролцов.
Өдөрлөгийн үеэр тус тэнхимээс заадаг хичээлүүд ялангуяа гадаад хэлний цахим болон танхимын сургалтыг суралцагчдад үр өгөөжтэй, орчин үеийн арга, технологи, нээлттэй мэдээллийн эх үүсвэр ашиглан холимог сургалтын аргыг хэрхэн хэрэглэж буй талаар туршлагаа хуваалцлаа. Дэд проф, доктор Ч.Баярчимэг “Мультимедиа технологийг ашиглан мэргэжлийн гадаад үг, хэллэгийг оюутанд эзэмшүүлэх нь”, багш Б.Батчимэг, ETA Ravi Patel“ IBT TOEFL хичээлд application ашиглаж, сургалтын үр дүнг нэмэгдүүлэх боломж”, багш М.Мөнгөнзул “Гадаад хэлний хичээлд цахим технологийг ашиглах нь” сэдвээр заах аргазүйн туршлага солилцсон нь сонирхолтой, санаа өгөхүйц байлаа.
Танхимын болон цахим сургалтыг амжилттай, чанартай, хүртээмжтэй зохион байгуулж байгаа доктор С.Оюунчимэг эрхлэгчтэй Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын сурган хүмүүжүүлэх ажилд нь өндөр амжилт хүсье!