ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-02-28 14:02:16

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн салбар академи, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи шинээр гишүүн элсүүлнэ. 

“Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн дүрэм”-ийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсэг, ХАА-н Шинжлэх ухааны академийн гишүүн элсүүлэх чиглэл, тоо батлах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ХАА-н Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Бямбаад ирүүлсэн 1/53 тоот албан бичиг зэргийг үндэслэн шинээр гишүүн элсүүлэх сонгуулийг ХАА-н Шинжлэх ухааны академийн чуулганы 2011 оны 06 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан “ХАА-н шинжлэх ухааны академийн гишүүн сонгох журам”-ын дагуу 2022 оны 3 дугаар сард багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Шинээр элсүүлэх гишүүдийн шинжлэх ухааны чиглэл, тоог дараах байдлаар тогтоож байна. Үүнд:
Мал эмнэл зүй, эмчилгээ сэргийлэлт - 4;
Мал зүй, мал аж ахуй - 3;
Газар тариалан - 1;
ХАА-н эдийн засаг - 2;
Техник, инженерчлэл - 1;
Биотехнологи - 2; 
Ургамал хамгаалал - 2 болно.

Академийн гишүүнд нэр дэвшигч нь салбарын болон шинжлэх ухаан, технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан дорвитой бүтээл туурвисан, эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл-бизнесийн дээд боловсролын чиглэлээр үр дүнтэй ажиллаж буй боловсролын доктор болон түүнээс дээш зэрэгтэй, профессор цолтой байна.

Академийн гишүүнд нэр дэвшүүлэх эрхийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоо, бизнесийн байгууллага эдлэх ба толгойлох эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр дэвшүүлнэ. 

Академийн гишүүнээр сонгуулахаар нэр дэвшсэн эрдэмтдийн холбогдох материал /биеийн байцаалт, тодорхойлолт, бүтээлийн жагсаалт, эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр, гишүүнд нэр дэвшигчид тавигдах дээрх шаардлагууд болон академийн гишүүн элсүүлэх журамд заасан бусад шаардлагыг хангасан байдлыг нотлох баримт бичиг, гишүүнээр элсүүлэхийг хүссэн хувийн өргөдөл/-ыг тэдний нэрийг дэвшүүлсэн байгууллага, зарлал нийтлэгдсэнээс хойш 20 хоногийн дотор Академийн Ажлын албанд /ХААИС-ийн захиргааны байр 402 тоот, Утас:341476/ ирүүлнэ. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авах боломжгүй. 


ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ