“ECOLOGY AND TECHNOLOGY DEVELOPMENT” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2021-11-04 16:30:22

“ECOLOGY AND TECHNOLOGY DEVELOPMENT” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Австри улсын Байгалийн нөөц ба амьдралын ухааны сургууль болон Оросын холбооны улсын Санкт-Петербургийн их сургууль нар хамтран 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Хурлын гол зорилго нь экологи, хүрээлэн буй орчны өнөөгийн байдлыг тодорхойлох, үнэлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олон улсын эрдэмтэд хувь нэмэр оруулах, хамтарсан судалгааны ажлыг эрчимжүүлэх, судалгааны ажлын үр дүнг шинэ шатанд гаргах зэргээр олон улсын хэмжээнд их, дээд сургууль судалгааны байгууллагуудын судлаачдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгааны шинэлэг үр дүн, технологийн дэвшилтэт ололтыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Олон улсын хурлыг нээж ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга болон Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар нар үг хэлэв. 

Үндсэн илтгэгчээр Герман улсын Газарзүйн хүрээлэнгийн профессор Christine Furst “Ecosystem Services in Urban Planning and Development” сэдвээр, Австри улсын Байгалийн нөөц ба амьдралын ухааны сургуулийн профессор Дуглас Годболд “Belowground carbon and nitrogen cycling in Mongolian forests in the face of climate change” сэдвээр, Тогтвортой ноос ноолуурын эвслийн захирал доктор Б.Батхишиг “Science based action and learning for better adaptation” сэдвээр тус тус илтгэл танилцуулав.

Тус олон улсын хурал нь:

  • Байгалийн нөөцийн менежмент ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицол
  • Экологи ба байгаль хамгаалал
  • Тогтвортой хөгжил ба хөдөө аж ахуйн технологи гэсэн үндсэн 3 салбар чиглэлээр зохион байгуулагдав.

Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдол, биологийн төрөл зүйлийн хомсдол, хүн амын хэт өсөлт, ойн хомсдол, цөлжилт болон хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд ба эдгээрийг шийдэх арга зам, сүүлийн үеийн дэвшилтэд технологийн талаар нийт 11 улсын 30 илтгэгч оролцсон нь тус хурлын цар хүрээг харуулж байна. “ECOLOGY AND TECHNOLOGY DEVELOPMENT” олон улсын хурал цаашид 2 жил тутам зохион байгуулагдах ба хурлын эмхтгэл ecoconference.muls.edu.mn цахим хаяг дээр байрлуулсан.

 

АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ