ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮЛХҮҮР НЭР ТОМЬЁОНЫ ЦАХИМ ТАЙЛБАР ТОЛЬ БҮТЭЭЖ, НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛГОВ

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2021-12-08 13:11:33

Шинжлэх ухааны түлхүүр нэр томъёоны цахим тайлбар толийг Монгол улсын ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн цахим хэлбэрээр анх удаа бүтээж, нийтийн хүртээл болголоо. Нэр томъёоны цахим тайлбар толийн нээлт ШУА дээр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдав. 

Уг цахим тольд байгалийн шинжлэх ухаан; инженерийн ухаан, технологи; анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан;  хөдөө аж ахуйн шинжлэх ухаан; нийгмийн шинжлэх ухаан; хүмүүнлэгийн ухаан гэсэн 6 шинжлэх ухааны салбарын хүрээнд 12 мянга орчим шинжлэх ухааны түлхүүр нэр томъёог багтаажээ.

Толийг бүтээхэд монгол улсын шинжлэх ухаан академи, түүний харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийн нийтдээ 100 гаруй эрдэмтэд,  профессор багш, судлаачид оролцсон байна. Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны холбогдолтой 2 мянга орчим түлхүүр нэр томъёог эмхтгэн уг тольд оруулах ажлыг ХААИС-ийн эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал, профессор Г.Гантулга ахлан, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн ахлах багш, дэд профессор Ё.Доржбат, Агроэкологийн сургуулийн ахлах багш, доктор Т.Насанжаргал, Мал эмнэлгийн сургуулийн зөвлөх профессор С.Бүрэнжаргал, Суурь боловсролын төвийн ахлах багш, доктор Ч.Хулан нар гүйцэтгэжээ. 

Монгол улсад анх удаа бүтээгдсэн шинжлэх ухааны нэр томъёоны цахим тайлбар толийг dict.ac.mn сайтаар орж нийтээр чөлөөтэй ашиглах боломжтой бөгөөд профессор багш, эрдэмтэд, судлаачид шинээр үг нэмэх, үг засварлах, зураг, тайлбар оруулж болох бөгөөд энэ тохиолдолд өөрийн саналыг contact@mongoltoli.mn ирүүлж, хамтран ажиллахыг салбарын судлаачид, профессор багш та бүхнээс хүсье.

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН АЛБА