ХААИС-ИЙН 65 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-09-03 18:22:32

Монгол улсад ХАА-н салбарын дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсэний 65 дахь хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, ХААИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Тэрбишдагва, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого инноваци хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох, ХААИС-ийн ректор асан, академич, гавьяат багш Ч.Содномцэрэн, ХААИС-ийн ректор асан, академич, ардын багш Б.Бямбаа, ХААИС-ийн ректор асан, Монголын их дээд сургуулийн консерциумын ерөнхийлөгч, доктор, профессор Т.Хэрүүга, Монгол Улсын их хурлын гишүүн асан Су.Батболд, Таван богд групийн ерөнхийлөгч, Монгол улсын хөдөлмөрийн баатар Ц.Баатарсайхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч, доктор С.Сайнбаяр нарын хүндэт зочид оролцож, ХААИС-ийн оюутан залуус болон эрдэмтэн, судлаач багш нарт баяр хүргэлээ.

Хичээлийн шинэ жилийн баярыг нээж ХААИС-ийн захирал, дэд профессор О.Баатарцогт үг хэллээ.

Тэрээр, Монгол улсын ХАА-н салбарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 65 дахь хичээлийн шинэ жилийн баярын мэндийг нийт эрдэмтэн багш, ХААИС-ийг сонгон суралцагч, оюутан залуустаа хүргэе. ХААИС-д одоогийн байдлаар 679 багш,  мэргэжилтэн, ажилтан ажиллаж байгаагийн 392 нь багш нар юм. Мөн бүрэлдэхүүний таван сургуулиас гадна харьяа эрдэм шинжилгээний дөрвөн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид гээд ХААИС бол эрдэм мэдлэг, оюуны их охь болсон эрдмийн өргөө билээ. 

Миний бие хэдхэн хоногийн өмнө ХААИС-ийн захирал хэмээх хүндтэй албыг хүлээж авсан. Анх удаа эрдмийн хамт олныхоо хичээлийн шинэ жилийг нээн үг хэлж байна. Нээлтэд олон эрхэм хүндтэй зочид хүрэлцэн ирсний дотор өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ сургуулийг удирдаж ирсэн Т.Хэрүүга профессор оролцож байгаад талархаж байна. Энэ хүний удирдаж байх 10 жилийн хугацаа надад сурч боловсрох орон зайг өгсөн гэж боддог. 

Их сургууль нийгмийн өөрчлөлт, өнөөгийн зах зээлд нийцэж, ирээдүйгээ харж үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж боддог. Цаашид миний хувьд сургуулийнхаа хүний нөөцийг оновчтой зохион байгуулах, санхүүгийн зөв менежментийг нэвтрүүлэх замаар удирдан чиглүүлэх хариуцлагатай үүрэг хүлээж буй гэж ойлгож байгаа. Багшлах боловсон хүчин, ирээдүйд эх орноо авч явах оюутан залуусын хослолыг зөв зохион байгуулах нь хамгийн чухал. Тиймээс багшийн болон оюутны чадамжийг тэгш хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно гэдгээ илэрхийлье. Дээд боловсролын байгууллага ажлын уялдаа холбоо, нийгмийн үр өгөөж, стандарт, чанар руу чиглэх ёстой. ХААИС төдийгүй Монгол улсын дээд боловсролын салбар бол чанарын менежментийн тогтолцоог суурь болгох ёстой. Энэ нь тухайн байгууллагын босго алхахаас эхлэх хамгийн эхний, энгийн стандарт юм. Энэ бүхний төлөө манай эрдэмтэн багш нар, оюутан залуус зүрх сэтгэлээрээ нэгдэж ажиллана гэдэгт итгэж байна. Үйлдвэрлэл, зах зээлд гарч буй манай брэнд бүтээгдэхүүн бол ХААИС-ийг төгсөн гарч буй мэргэжилтнүүд билээ. Тиймээс оюутнууд төгсөөд үйлдвэрлэл, ажлын байранд гарахад үнэ цэнтэй байх, зах зээл нь төгсөгчдийг угтан авдаг байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тийм мэргэжилтэн бэлтгэхийн тулд дадлагад суурилсан, үйлдвэрлэлтэй хосолсон сургалтын системийг хэрэгжүүлэх нь өнөөгийн нийгэм, зах зээл, аж үйлдвэрлэл бид бүхнээс шаардаж байна. ХААИС-ийн 65 дахь хичээлийн шинэ жилийн нээлтэд хүрэлцэн ирсэн нийт багш, оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье гэлээ.

ХХААХҮ-ийн сайд Ц.Болорчулуун хэлсэн үгэндээ; ХААИС бол нэгэн жарныг давсан түүхтэй ууган сургуулийн нэг. Энэ сургуулийн төгсөгчид дундаас хөдөлмөрийн баатар, төрийн сайдууд, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцсон хүндтэй сайхан хүмүүс төрөн гарсан байдаг. ХААИС-ийн төгсөгч, мэргэжилтнүүд, эрдэмтэн багш нар бол Монгол улсад атрын анхны шанг татахаас эхлээд дотоодын хэрэгцээгээ үр тариагаар хангах хүртэлх их бүтээн байгуулалтын эзэд юм. Миний бие ХААИС-ийн Агрономийн тэнхимийн Хадлан тэжээл, агрономийн ангийг таван жил суралцан төгссөн. Энэ хугацаандаа оюутны байранд амьдарснаас эхлээд өнөөг хүртэл ХААИС, ХАА-н салбартай ажил, амьдралаараа холбоотой байна.  ХААИС бол миний оюутан, залуу насны сайхан дурсамжийг бүтээсэн их сургууль.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Хүнсний хувьсгал, Тэрбум мод хөтөлбөрийг энэ сургуулийн төгсөгчид түүчээлэн ажиллаж байна. Шинээр элсэж буй, одоо сурч буй оюутан, залуус  Та бүхэн цаашид өртөөлөн ажиллаарай гэв.  

Мөн ХААИС-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Тэрбишдагва оюутан, залуустаа хандаж хэлсэн үгэндээ, ХААИС 1942 оноос малын эмч, зоотехникчийн мэргэжилтэнг бэлтгэж эхэлснээр тооцвол 80 жилийн түүхтэй сургууль. Өнөөдөр хуран цугласан оюутан залуустаа дараах үгийг хэлэхийг хүсэж байна. Улс төр, геополитикийн амаргүй нөхцөл байдалд, Монгол улс хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах шаардлага тавигдаж байгаа. Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг төрийн бодлогоор дэмжиж буй энэ цаг үед та бүхэн суралцаж буй нь том боломжийн эхлэл юм. Нийт оюутан, залуустаа баяр хүргэж, энэ сургуулийг сонгосонд талархаж буйгаа илэрхийлье гэлээ.

Энэ үеэр Академич, Ардын багш Б.Бямбаа; Багш нараа хөгжүүлэх, багшийн хөгжлөөр дамжуулан оюутан залуусынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд шинэ удирдлага анхаарч ажиллах зорилт дэвшүүлж байна гэж харсан. Багш нар ар гэр, нийгмийн асуудалд санаа зовохгүй байна гэдэг нь оюутан суралцагчдадаа өөрсдийн мэдлэг ур чадвар, цаг заваа бүрэн зориулж чадна гэсэн үг. Нөгөө талаар шинэ захирал маань гадаадын хөрөнгө оруулалттай олон төсөл хөтөлбөрийг сургуультайгаа холбон, хамтран хэрэгжүүлж байгаа. Цаашид  зөвхөн ЖАЙКА, КОЙКА-аар хязгаарлагдахгүй өөр олон орны олон улсын хандивлагч байгууллагуудтай хамтран хөрөнгө босгож, ХААИС, ХАА-н салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэлээ.

Мөн нээлтийн үеэр шинэ оюутнууд тангарах өргөж, магистр, докторын зэрэг хамгаалсан болон профессор цол хүртсэн багш нарт баяр хүргэж, диплом, үнэмлэх гардуулан өглөө.  Уламжлал ёсоор бүрэлдэхүүн сургуулиудын багш, судлаачдын инновац, технологи, бүтээлийн үзэсгэлэн боллоо.