Европын Холбоо, АНУ, Монгол Улсын нийт 12 их, дээд сургуулийн нэгдэл бүхий их сургуулиудын консорциумын 2 дахь техникийн уулзалтыг ХААИС-ийн Агроэкологийн сургуульд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Чeх улсын Мeндeлийн их сургуулийн дэд захирал Jiří Skládanka, Румын улсын Брашов хотын Трансилваны их сургуулийн ректор Ioan Vasile Abrudan нар болон бусад 15 судлаач эрдэмтэд оролцов.
“Sustainable Resilient Ecosystem and Agriculture Management in Mongolia” сэдэвт STREAM төслийг STREAM төслийн Бүрэлдэхүүн хэсэг II-ийн хүрээнд “Зорилтот сумдын ойн нөөцийн тогтвортой менежмент, биологийн олон янз байдлыг хэвээр хадгалах чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” зорилт тавин ажиллаж буй юм. Үүнд БНЧУ-ын Менделийн их сургууль тэргүүтэй их сургуулийн консорциум нь судалгааны дэмжлэг үзүүлж байна. Уулзалтын үеэр үр дүнтэй хамтын ажиллагаа, цаашдын олон улсын судалгааны боломжуудын талаар ярилцав.
STREAM төслийн баг, МУИС, ХААИС, МГТИС-ийн багш, оюутнууд зэрэг дотоодын болон гадаадын 12 их сургуулиудын консорциум, орон нутгийн оролцогч талууд хамтран хөрс, ургамал, ойн судалгаа, мод тарих, байгалийн ургамлын сэргэн ургалтыг дэмжин ажиллаж байна. STREAM төслийн эхний хээрийн судалгааг 6-р сарын 15-аас 7-р сарын 15-ыг хүртэл зохион байгуулсан ба хоёр дахь хээрийн судалгааг 8-р сарын 28-аас 9-р сарын 28 хүртэл зохион байгуулах юм.
Уг төсөлд мэргэжлийн шинжээч, судлаачаар ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Хишигжаргал, Экологийн тэнхимийн дэд профессор О.Бүрэнжаргал болон тус тэнхимийн Экологи мэргэжлийн хөтөлбөрийн 5 оюутан оролцож байна.