ХААИС-ИЙН СУДЛААЧДЫН БҮТЭЭЛ ”НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2022" ҮЗЭСГЭЛЭНД ДЭЛГЭГДЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-09-19 15:23:29

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас зохион байгуулж буй ”Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022" үзэсгэлэн худалдаа өнөөдөр /2022.09.19/ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд нээлтээ хийлээ.

Нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, НҮБ-ын ХХААГ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Монголын Хүнсчдийн Холбооны тэргүүн Д.Тэрбишдагва нар үг хэллээ.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хэлсэн үгэндээ, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж, хүнсний ногооны гаалийн албан татварыг 30 хувьд хүргэсэн. Голлох арван нэрийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох зэрэг шийдвэр гаргаж, хэрэгжилтийг ханган ажилласан. Иймд энэ жилийн хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдээд байна” гэлээ. Тус үзэсгэлэнд 21 аймаг, 9 дүүргийн үндэсний үйлдэрлэгч, газар тариалангийн салбарынхан зэрэг нийт 400 гаруй иргэн, аж ахуй нэгж оролцож өөрсдийн бүтэн жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг шингээсэн органик бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаалж байна. Мөн ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацийн хөгжлийн төвөөс ХААИС болон харьяа хүрээлэнгийн багш, судлаачдын бүтээлийг танилцуулж байна. “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд газар тариалангийн өдөрлөг, техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа, “Алсыг харъя органикийг сонгоё” органик хүнс үйлдвэрлэгчдийн өдөрлөг болон “Хоолны шоу” болно. Үзэсгэлэн худалдаа Есдүгээр сарын 25-ны өдрийг дуустал зохион байгуулагдах юм.